Шууд Chart

Ази Номхон далайн бүсийн Засгийн газар хоорондын Спорт дахь допингийн эсрэг 17 дахь чуулга уулзалт болов

2022-03-21 15:06:12

АНЭУ-ын Дубай хотод Ази Номхон далайн бүсийн Засгийн газар хоорондын Спорт дахь допингийн эсрэг чуулга уулзалт энэ сарын 14-15-нд болж, 45 орны 88 төлөөлөгч хүрэлцэн ирэв. Уулзалтад Монгол Улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хурлыг нээж Дэлхийн допингийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Витолд Банка нийт төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, Ази тивийн төрийн байгууллагын удирдлагуудыг энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч оролцож байгаад талархал илэрхийлсэн юм. Тус чуулга уулзалтаар 2022-2024 оны Дэлхийн допингийн эсрэг агентлагийн стратеги хөтөлбөр, зорилтуудыг танилцуулан допингийн талаар эрдэм шинжилгээ, судалгааны 500 гаруйажилд 80 гаруй сая ам.доллар зарцуулсныг дурдлаа. Мөн “Токио-2020” зуны олимп, паралимпын наадам болон “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд Дэлхийндопингийн эсрэг агентлагаас авсан арга хэмжээнүүдийг танилцууллаа. Үүний араас БНХАУ-ын Ханжоу хотод энэ оны есдүгээр сард зохион байгуулагдах допингийн тестболон ковид-19 цар тахалын эсрэг авах арга хэмжээний талаар БНХАУ-ын Допингийн эсрэг агентлагаас мэдээлсэн юм.

Монгол Улс тус чуулга уулзалтад Засгийн газрын зүгээс допингийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан илтгэл тавьж, манай улсад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ЮНЕСКО-гийн нарийн бичгийн дарга нарын газрын дарга Марселин Далли,Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Казухиро Хаяаши, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн үндэсний допингийн эсрэг байгууллага болон бүсийн төвийн хөгжлийн асуудал хариуцсан захирал Том Мэй нартай уулзан зөвлөмж, зөвлөгөө авч хамтран ажиллахаар тохиролцов.

ЮНЕСКО-гийн нарийн бичгийн дарга нарын газрын дарга Марселин Далли ЮНЕСКО-гийн “Спорт дахь сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ийн найм дахь чуулга уулзалтын талаар танилцуулж, Монгол Улсыг конвенцийг хангалттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа хэмээн сайшаажээ.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Үндэсний допингийн эсрэг байгууллага болон бүсийнтөвийн хөгжлийн асуудал хариуцсан захирал Том Мэй нь танилцуулсан илтгэлдээ улс орнуудын төрийн байгууллагаас Үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүүгийн хувьд дэмжин ажиллах түүнчлэн Үндэсний допингийн эсрэг байгууллага нь төрийн байгууллагаа мэдээллээр хангах үүрэгтэй, идэвхтэй хамтран ажиллах шаардлагатайг онцолсон юм.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас допингийн талаар дотооддоо авч хэрэгжүүлэхээр бэлтгэж буй ажлуудыг дэмжихээ илэрхийллээ. Тус чуулга уулзалтад хүрэлцэн ирсэнулс орны төлөөлөгчид өөрийн орны спортын хөгжил, тулгамдсан асуудал, допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ази-номхон далайн орнуудын төлөөлөгч нар илтгэл тавьж, харилцан ярилцлага, хэлэлцүүлэг хийв. Цар тахалын хязгаарлагдмал үед улс орнуудын сайд нарыг биечлэн уулзах боломжийг бий болгосон элхийн допингийн эсрэг агентлаг, АНЭУ-ын үндэсний допингийн эсрэг байгууллагад талархал илэрхийлснээр тус чуулга уулзалт өндөрлөсөн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ази Номхон далайн бүсийн Засгийн газар хоорондын Спорт дахь допингийн эсрэг 17 дахь чуулга уулзалт болов  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй