Унгар, Монгол гэсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий “Mongólia” нэртэй ном хэвлэгдэн гарчээ.
Үүнийг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна санаачлан төрөлх хэлнээ бичиж, хэвлүүлжээ.
Тэрбээр 1990-ээд оны эхэн үед Монгол оронд аялал жуулчлалын шугамаар ирж, улмаар 1995-1999 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд суралцаж, Sc.D. профессор, академич Ж.Болдбаатарын удирдлага дор Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан Монголч эрдэмтэн юм.
Др.Обрущанский Борбала Анна 2005 онд Унгараас Монгол руу аялагчдад зориулсан “Mongolia” номоо анх хэвлүүлсэн ч энэ удаа тус номныхоо агуулгыг улам баяжуулан, илүү дэлгэрэнгүй мэдэээлэлтэйгээр хоёр дахь удаагаа ийнхүү гаргасан байна. Тус номыг Унгарын “Két Hollós Kiadó” хэвлэлийн компанийн захирал Sárosi Zoltán тун найрсгаар дэмжиж, ивээн тэтгэжээ.
250 хуудас бүхий “Mongolia” номонд Монголын хууль цааз, уламжлалт зан заншил, шашин соёл зэрэг өргөн хүрээний мэдээллийг 21 аймаг тус бүрээр нарийвчлан авч үзэхийн зэрэгцээ зохиогч өөрийнхөө буулгасан фото зургаар баяжуулсан байна.
Мөн үндэсний хоол, Унгарын жуулчид Монголд ирээд өдөр тутам хэрэглэх үгс зэрэг маш сонирхолтой мэдээллийг багтаасан нь аялагч, жуулчдын мэдээллийн эрэлтийг хангасан, цогц бүтээл болжээ.
Энэхүү ном нь Унгар, Монгол хоёр орны аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам илүү дэлгэрэн хөгжихөд маш том үүрэг гүйцэтгэн хэмээн мэргэжлийнхэн дүгнэж байна.
“Mongolia” ном Унгар хэлнээ дахин хэвлэгджээ | ||
Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.