Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат нар 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Геронтологийн үндэсний төв болон ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлдэг “Наян зургаа дөрвөн зуу” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ахмадуудтай уулзалт хийлээ.
Нийгмийн халамжийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн 10 төрлийн халамжийн үйлчилгээний санхүүжилт, хувьсах зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Одоогийн байдлаар нэг хүнд ногдох хувьсах зардал 9000 төгрөг байна. Тус төвийн хувьд 2019 оноос Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.5, Ахмад настны тухай хуулийн 7.1.4-т заасан өдрийн үйлчилгээг ахмадуудад үзүүлдэг. Энэ хугацаанд нийт 590 ахмадад өдрийн үйлчилгээг үзүүлжээ. Мөн л өөрийн гэсэн байргүй учраас Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийн нэг давхарт 114 м2 талбайд өдрийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, бариа засал болон хөдөлгөөн заслын үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Сонгинохайрхан дүүрэг 33 орчим мянган ахмад настантай. Төрөөс олгодог санхүүжилт бага учраас энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх төрийн бус байгууллага ховор байдгийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул хэллээ.
Ахмад настнуудын хувьд энэ төрлийн үйлчилгээг тогтмолжуулж, хувьсах зардлыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уялдуулахад анхаарч ажиллахыг хүсэж байлаа. Мөн ахмадуудыг ажил эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, залуу үедээ өөрсдийн туршлага мэдлэгээс хуваалцах боломжийг хангах хэрэгтэй байгаа ч дуулгасан юм.
Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл өгөх, шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлүүдийг хийхээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэлээ | ||
| Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.