
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” асуудлыг хэлэлцэв. Өнгөрсөн өвлийн улиралд ус, дулаан, цахилгааны доголдол харьцангуй бага, төлөвлөгөөний дагуу ажилласан гэдгийг албаныхан онцлон хэлсэн юм. Харин Баянзүрх дүүрэгт байрлах “UB TOWN” хотхоны бохирын ус хальж, нийслэлээс засварын хөрөнгийг яаралтай шийдвэрлэж байсан бол “Ургах наран” хорооллын бохирын асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа аж. Ер нь 2014-2015 оны өвөлжилиийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлээс хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай зарим ажил бий юм байна. Тухайлбал, 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу 1452 айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тэдгээр орон сууцыг дулаан, цэвэр, бохир усаар хангахад алдах халаалтын үнийн зөрүү, Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар өвөлжилтөд хүндрэл урчуулж болзошгүй найман дүүргийн 13 цэцэрлэг, 13 сургуулийн барилгын шугам сүлжээний засвар, Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэлээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд 2014-2015 оны өвлийн улирлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд шаардлагатай хөрөнгийн асуудлыг дахин судалж, нэн шаардлагатай ажлыг эхэлж шийдэхээр дараагийн хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болголоо. Харин нийслэлийн харьяа холбогдох газрууд өвөлжилтийн бэлтгэлийг хуваарийн дагуу хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж үүрэг болгохоор боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэл 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг нэгдсэн байдлаар хангана | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.