Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:
- КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-88 хувь,
- Хүний хөгжлийн бодлого- 78.5 хувь,
- Эдийн засгийн бодлого- 70.9 хувь,
- Засаглалын бодлого - 76.6 хувь,
- Ногоон хөгжлийн бодлого - 65 хувь,
- Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-79 хувийн тус тус хэрэгжилттэй байна гэлээ.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 80 хувийн биелэлттэй байгаа аж.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнээс дурдвал:
Засгийн газраас цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг хариуцан төлөв. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэв. Иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгов. Хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 69.8 хувь, хоёрдугаар тунд 66.8 хувь, гуравдугаар тунд 31.6 хувь, дөрөвдүгээр тунд 3.4 хувийг хамруулаад байна, цар тахал эхэлснээс хойш нийт 36360 Монгол иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгууллаа.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгоод байна.
2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулав, Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөв, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу Толгой төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон. Мөн гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүллээ, мөн цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарлаа.
Монгол Улс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байна хэмээн сайд танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд ЭСЯ-дын үйл ажиллагааг цахим болгох ажил ямар шатанд яваа, манай улсын иргэд визгүй зорчих улсын тоо хэдээр нэмэгдсэн талаар тодруулж байлаа. Мөн эдийн засгийг сэргээх гол алхамын нэг болох боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч буйг лавласан.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг цахимжуулах ажил хийгдэж эхэлсэн. Е-Монголиа аппликэшнд гадаад оронд байгаа иргэдэд зориулсан цэс нэмж, 40 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Дипломат төлөөлөгчийн газруудад цахим нотариатын үйлчилгээ нэвтрүүлэхээр Гадаад харилцааны яам Нотариатчдын танхим хооронд гэрээ байгууллаа. ГХЯ-ны консулын үйлчилгээний төлбөрийг Гэрэгэ ТҮЦ машинаар авч Монгол шуудан болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компанитай хамтран ажиллаж, иргэдийн ачаалал, бөөгнөрөл үүсдэг байдлыг бууруулаад байна. Түүнчлэн Е виза системийг нэвтрүүлсэн гэсэн хариулт өглөө. Тэрбээр иргэд визгүй зорчих орны тоо хоёроор нэмэгдсэн, дахин дөрвөн улстай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээллийг өгсөн.
Сангийн сайд Б.Жавхлан, боомтуудын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр бүх боломжоо дайчлан ажиллаж байна. БНХАУ-д ажлын айлчлал хийн энэ асуудлыг ярилцсан. Хилийн боомт, экспортын асуудал нэг талын хүсэлтээр шийдэгддэггүй нь хүндрэл учруулж байгаа ч удаа дараагийн уулзалтуудын үр дүн гарч, өчигдөр л гэхэд урд хилийн боомтоор 500 гаруй чиргүүлтэй ачааны машин нааш нэвтэрсэн байгаа. Цаашид энэ тоог буулгахгүй, аажим аажмаар нэмэгдүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Хятадын тал ачаа нэвтрүүлэлтийг цаашид нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн гэсэн хариултыг өгсөн.
Байнгын хороо ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.
| Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо | ||
| Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.