Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Албаны дарга ноён Халид Шарифиг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан энэ 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангаас эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих болон жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэнийг онцлон тэмдэглэв. Мөн НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх 7 дугаар хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ноён Халид Шарифи Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авч, вакцинжуулалтын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж байгааг онцолж, НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2022 онд хэрэгжүүлж буй 6 дугаар хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Албаны дарга Халид Шарифи нь Афганистан Улсын иргэн бөгөөд их эмч, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн менежментийн чиглэлээр мэргэшсэн, манай улсад томилогдохын өмнө Афганистан Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, Шадар суурин төлөөлөгч, дэд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай болно.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга Халид Шарифитэй уулзав | ||
Үзсэн: 886 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.