
Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш манай оронд айлчиллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншид бараалхсан бол УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж түүнтэй зоог барьсан юм. Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй дугуй ширээний ярилцлага хийсэн. Хоёр өдөр Монголд саатсан Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш баасан гарагт нутаг буцлаа.
Удаан хугацаанд сайдгүй байсан яам өнгөрөгч долоо хоногт сайдтай боллоо. УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар ҮХАА-н сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилов. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн буюу 85 хувийн саналыг авч сайдаар томилогдсон Ш.Түвдэндорж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягаас ҮХАА-н сайдын тамгаа гардаж аваад байна.
Бээжингийн гудамжны зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэлх авто замыг бүтнээр нь хаахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, 2014 оны зургаадугаар сарын 13-ны оройн 23:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хааж, нэг сарын хугацаанд шугам сүлжээний туннель, зам барилгын ажил хийх юм. Улсын баяр наадмаас өмнө хойд талын урсгалыг шинэчилж нээхээр төлөвлөж байна. Хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй байсан зам, гүүрийг энэ оны 11 дүгээр сарын 30-нд нийт зургаан эгнээтэй болгож хүлээлгэн өгөхөөр БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Бээжин констракшн инженеринг групп" компани гэрээ байгуулан ажиллаж байна.
Бразиль улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. МҮОНТ, "Тод харуулна уриатай" ETV-HD телевиз хамтран ажиллах санамж бичигт МҮОНРТ-ийн Дэд захирал Ё.Батбаяр, "Имержмедиа" ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Даваабаяр нар гарын үсэг зурлаа. Ингэснээр МҮОНТ Бразильд болох хөлбөмбөгийн тоглолтуудын торгон агшнуудын талаарх мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь хөлбөмбөг сонирхогч монголчууддаа хүргэнэ. Мөн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонирхолтой тоглолтуудын талаар болон тус тэмцээнийг тойрсон мэдээллүүдийг MNB.mn сайтын “FIFA 2014” булангаас унших боломжтой.
Монгол Улс, Тайландын Вант Улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. Камбож, Лаостай хил залгаа орших хилийн боомтоор гарч, буцан орж ирэх байдлаар оршин суух хугацаагаа сунгуулах гэснээс зардал, чирэгдэл гарахаас сэргийлж, Тайландын Вант Улсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа Тайландын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой боллоо. Улаанбаатар хот дахь Тайландын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог байна. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөлөө.
Нийслэлийн Тээврийн газраас иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, зуны саруудад шөнийн тээврийн үйлчилгээг явуулдаг болсон. Тэгвэл энэ жилийн үйлчилгээг энэ сарын 14 буюу өнөөдрөөс явуулж эхлэхээр болжээ. Тодруулбал, троллейбусны “Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны “7 буудал-МУБИС” болон “Нисэх-МУБИС” чиглэлд нийт найман тээврийн хэрэгсэл үйлчлэх аж. Автобус оройн 22:00-02:00 цаг хүртэл үйлчлэхдээ том хүнийг 1000, хүүхдийг 200 төгрөгөөр зорчуулах юм байна.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуучлалын яам БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар хооронд Хэрлэн барс туурийг сэргээн засварлах хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа. Гарын үсгийг ССАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, БНХАУ-ыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн зөвлөх Xang Qingdong нар үзэглэсэн бөгөөд ийнхүү гарын үсэг зурж баталгаажсанаар засварын ажил эхэллээ.
УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Б.Чойжилсүрэн нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн 80.7 хувийн саналаар уг хуулийн төслийг дэмжин батлав. Ингэснээр далай аварга цол хасагдах болж байгаа юм.
Бурхан багшийн их дүйчин өдөр өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Уг тэмдэглэлт өдрийг энэ жил "Эв нэгдэл-Энэрэнгүй сэтгэл" уриан дор өнгөрүүллээ. Бурхан багшийн их дүйчин өдөр 1080 хүний парад Гандантэгчэнлин хийдээс Чингисийн талбай хүртэл төв зам дагуу үргэлжилж, Чингисийн талбайд Майдарын зүрхэн шүтээн, Бодь модыг олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаа, Бясалгал флаш моб, урлагийн тоглолт боллоо. Эдгээр үйл ажиллагааг Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулав.
Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу энэ сарын 14-нд орон даяар 12:00 цагт монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.