Шууд Chart

“4 аймаг 400 км” уртын явган алхалт зохион байгуулна

2022-04-08 18:42:02

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/780 дугаар тушаал “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн “Иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадлыг бий болгох ажлыг зохион байгуулах удирдамж”-ийг үндэслэн үндэсний хэмжээнд “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар зохион байгуулах гэж байна.

Энэхүү аяны нээлтийн алхалтын арга хэмжээг 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах бөгөөд аяныг угтаж “4 аймаг 400 км” үзэл санааны явган алхалтын хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 10-20-ны өдөр Алтай, Хангай, Говийн нутгаар хэрэгжүүлэхээр бэлтгэж ажлаа хангаад байна.

Монголын явган алхалтын холбооны зүгээс сонгон шалгаруулсан спортын мастер, гарамгай аялагч Э.Чойсүрэнгээр ахлуулсан алхалтын багт амжилт хүсэж ЭМЯ, НЭМҮТ-ийн туг болон явган аялалд шаардлагатай анхны тусламжийн багцийг өнөөдөр гардууллаа.

Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг байна.

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд сүүлийн 5 жилийн байдлаар ХБӨ давамгайлж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд ордог. Артерийн даралт ихсэлтийн тархалтаар Монгол Улс Номхон далайн баруун бүсийн 37 орныг тэргүүлдэг. ХБӨ, осол гэмтэл нь хөдөлмөрийн насныхны өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж хүн амын дундах нас баралтын 71 хувь нь ХБӨ-ний шалтгаантай, үүний 33 хувь нь харьцангуй сэргийлж болох өвчлөл эзэлдэг.

Дэлхийд хүн амын нас баралтын 6 хувь нь хөдөлгөөний хомсдлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж байна. Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь энерги зарцуулах хэрэгцээг багасган, суугаа амьдралын хэв маягийг бий болгож байна.

Манай улсад 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, суугаа идэвхгүй байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 15-69 насны 3 хүн тутмын 1 нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“4 аймаг 400 км” уртын явган алхалт зохион байгуулна  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй