МУИС-ийн багш, доктор, профессор шувуу судлаач С.Гомбобаатарын Монгол орны шувуу судлал, хамгааллын чиглэлээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэн гаргаж буй “Монгол орны шувуу” хоёр боть бүтээл болон “Bubo” аппликейшний нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Монгол оронд албан ёсоор тэмдэглэгдсэн 519 зүйлийн шувуу тус бүрийг нарийвчлан судалж хийсэн энэхүү бүтээл нь англи хэл дээр гарсан бөгөөд 2023 онд Монгол хэлнээ хэвлэгдэх аж.
Номонд шувууны шинжлэх ухааны болон гадаад нэршил, ангилал зүй, тархалт, амьдрах орчин, үржил, идэш тэжээл, нүүдэл болон хамгаалах арга хэмжээ гэх мэт олон талын судалгааг багтаасан байна.
Номын зохиолч МУИС-ийн багш, доктор, профессор шувуу судлаач С.Гомбобаатар бүтээлийнхээ талаар "Энэ бүтээлд багтсан нийт 3000 орчим гэрэл зургуудыг бусад бүтээлээс ялгаатай байлгах, зүйлийн шинжийг сайн тогтоолгох зорилгоор зураг бүрийн арын дэвсгэрийг нэг бүрчлэн арилгаж хийлээ. Ер нь би гэрэл зураг авахдаа шувууны агшин, сайхан харагдах гэхээсээ илүүтэй сууж, нисэж буй шувуу бүрийн тодорхойлох шинжийг авах, гаргахыг хичээдэг. Мөн нас, хүйсийн онцлогийг нь илэрхийлэх шинжийг үргэлж санаж, тунгааж авдаг.
Ер нь зураг авах болгондоо шувуу бүрийн шинжийг санаж, бодож гэрэл зэргийг нь буулгана гэдэг бол “мэргэжлийн солиорол” гэж үзэх талтай. Ийм солиотой байж гэрэл зургийг системтэй цуглуулна. Харагдсан бүхнээ дараад хажуугаар өнгөрч буй “алтыг” буюу өөрт байхгүй зүйлийн зургийг авч чадахгүй өнгөрөөвөл маш харамсалтай" хэмээн номонд оруулсан зургийн талаар онцолж байлаа.
Монгол орны 519 зүйл шувууны тухай ном хэвлэгджээ | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.