![](/uploads/202204/news/thumb/341436bedbf09d949f99abaa006ca30c_x3.jpg)
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай бүр дээр танилцуулж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг байнга өгч байгаа.
Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав. Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1158 төсөл, арга хэмжээ байгаа.
Эдгээрээс тендер сонгон шалгаруулалт 76.5 хувийн гүйцэтгэлтэй, 854 ажилд тендер зарлажээ. 272 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаагүй. Үүнээс зураг төсөл нь бэлэн болоогүй 79 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгах үүрэг өглөө. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц, тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэж, холбогдох байгууллагын удирдлагуудаас тодруулсан юм.
Дүүргийн Засаг дарга нар тендер сонгон шалгаруулалт зарлаж байгаа ч аж ахуйн нэгжүүд материал өгөхгүй байх тохиолдол олон байгаа. Мөн агентлагуудын уялдаа, холбоогүй байдлаас болж ажил удааширч байгааг хэлж байв.
Аж ахуйн нэгжүүд тендерт оролцохгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван “Манайх 197 төсөл, арга хэмжээний тендер зарлахаас өнөөдрийн байдлаар 21 ажлын зураг төсөв, техникийн тодорхойлолт, тоо хэмжээ, ажлын даалгавар ирээгүй. Он дамжин хэрэгжиж байгаа, оролцогч байхгүй 11 төсөл, арга хэмжээ байна. Эдгээрээс хамгийн олон нь 12 удаа тендер зарласан. Хийх ажлын хэмжээ төсөвтэйгээ уялдаагүй, ашиггүй учраас оролцогч байхгүй байна. Он гарснаас хойш Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарласан ч оролцогч байхгүй 24 ажил байна” хэмээн ярилаа.
Тендер сонгон шалгаруулалт зарласан ч материал ирэхгүй ажил олон байна | ||
Үзсэн: 414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.