Шууд Chart

Хотын дарга Их Британийн Элчин сайд, Худалдааны элч нарыг хүлээн авч уулзав

2022-04-12 14:58:33

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински  нартай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Хотын дарга Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж буй бөгөөд цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байгааг онцлов. Тэрбээр мөн Улаанбаатар хот болон дагуул хотуудад олон улсын стандартад нийцсэн санхүүгийн төв байгуулахад шаардлагатай эрх зүйн орчин, дэд бүтцийг бий болгох чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Түүнчлэн хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, явган зам, дугуйн замын төлөвлөлт, тохижилтын ажилд ашиглаж буй Лондон хотын дэвшилтэт технологи, туршлагыг судалж, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж ажиллах саналтай байна гэлээ.

Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински манай улсыг стратегийн чухал түнш гэдгийг онцлоод, цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд  хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судалж, дэмжиж ажиллана гэлээ.


Хотын дарга Их Британийн Элчин сайд, Худалдааны элч нарыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй