Шууд Chart

Монгол, Тайваний уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна

2022-04-17 11:42:24

Тайваний Тайжун хотын “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д шалгарсан Монгол болон Тайвань уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монгол арт галерейд үргэлжилж байна.

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Taiwan in Mongolia, Тайжун хотын захиргаа болон Монгол арт галерей хамтран дээрх үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.

Ирэх мягмар гараг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд Монгол Улсаас шалгарсан найман уран бүтээлчийн шилдэг бүтээл болон Тайжун хотын захиргаанаас “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн ”-гийн  гран при шагнал болох “Да Дуны дүрслэх урлагийн шагнал”-ыг хүртсэн хоёр бүтээл багтжээ.

Тайжун хотын “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д сүүлийн жилүүдэд Монголын уран бүтээлчид идэвхтэй оролцож байгаа бөгөөд оролцсон хүний тоо болон шагнал хүртсэн хүний тоогоороо олон улсын шилдэг гурван оролцогч багийн нэг болсон.

Ялангуяа өнгөрсөн жил 115 олон улсын бүтээлээс 43 бүтээлийг Монголын уран бүтээлчид ирүүлсэн юм. Олон улсын уран бүтээлчдийн 18 бүтээл нэгдүгээр шатанд шалгарснаас найм нь Монгол уран бүтээлчдийн бүтээл байсан ба уралдааны финалын шатанд уг найман уран бүтээлээс гурав нь шалгарчээ.

Хамтарсан үзэсгэлэнд өнгөрсөн жил “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д нэгдүгээр шатанд Монголоос шалгарсан найман уран бүтээлчийн тус бүр шилдэг гурван бүтээл болон Тайваниас шалгарсан хоёср уран бүтээлчийн шилдэг бүтээл нийлсэн нийт 26 бүтээл дэлгэгдэж байна.

Бүтээлүүд нь өргөн цар хүрээг хамрах бөгөөд тосон будаг, анимэйшн, усан будаг, уран баримал, арьсан урлал, керамик урлал, мод металл урлал гэх мэт төрөлд оролцжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол, Тайваний уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй