Шууд Chart

Ёстой гоё шийдэлтэй жүжиг болжээ

2022-04-18 11:38:24

Ёстой гоё шийдэлтэй жүжиг болжээ. Тодруулбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжиг өчигдөр УДЭТ-ын тайзнаа шинэ өнгө аястайгаар тайзнаа дахин тавигдлаа.

Гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй ба үйл явдал нь хаан сэнтийний төлөө шунахайрсан түшмэлийн хар гайгаар эзэнт гүрний хувь заяа доройтож, эцэст нь хааны удам тасарч буй тухай гардаг.

Өмнө нь буюу 1998 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан үзэгчдэд анхлан хүргэж байсан билээ. Тухайн цаг үед Арчуг хааны дүрийг ардын жүжигчин Л.Жамсранжав агсан бүтээж байв.

Харин энэ удаа “Hero энтертайнмент” группын захирал Бат-Өлзийгийн Баатар физикл драм төрлөөр үзэгчдэд хүргэсэн нь үнэхээр өвөрмөц байлаа.

Арчуг хааны дүрд “Belgute Pictures”-ийн захирал, найруулагч, продюсер Ганболдын Эрдэнэбилэг тоглож, ид хавыг гайхуулав. Цэцэг хатны дүрд “Хувьсал” продакшны захирал, гавьяат жүжигчин Уртнасангийн Уранцэцэг, Эгэрэг түшмэлд гавьяат жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ, Гүргэл хатанд Одхүүгийн Дөлгөөн, том хүү Ачирт Шадавын Доржсүрэн, бага хүү Хучирт Баасанбуугийн Шинэбаяр, бөөд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва нар сонгогджээ.

Найруулагч Б.Баатар Б.Лхагвасүрэн агсныг мэнд ахуйд үзэгчдэд дахин толилуулахаар зөвлөлдөж, скиз зургаа гаргаад байжээ. Харамсалтай нь нэрт яруу найрагч тэнгэр болсон ч амласан амлалтдаа ийнхүү хүрч чадав.

Нээлтийн эхэнд тайзнаа Б.Лхагвасүрэн агсны хүү Хасар Б.Баатарт хандаж талархал илэрхийлэхдээ “Аав минь энэ жүжгийнхээ гар бичмэлийг бидэнд үлдээгээд буцжээ. Харин одоо чамд байг дээ” хэмээн торгонд ороож өгсөн нь сэтгэл хөндүүрлүүлэв. Л.Хасар энэ удаагийн жүжигт редактороор ажиллажээ.

Хүннү төрөө бүтэн үлдээхийн тулд хайртай бүхнээсээ хагацаж буй хааны тухай өгүүлэх уг жүжгийг тэрбээр физикл театрын бүтээлүүдэд ашиглагддаг элементийг түлхүү шингээж, дүрүүдийн сэтгэл хөдлөлийг бүжигчдийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн нь содон санагдлаа. Хэлэх гэсэн санааг нь ч улам тодотгоод байх шиг. За тэгээд тайзны шийдэл, гэрэлтүүлэг, орчин үеийн техник ашигласан нь бүр янзтай. Хамгийн гол нь “Элдүүр нь ханасан эр хар сур” гэдэг мэргилдээ эзэн болсон жүжигчид сонгож, тэд нь дүрээ ханатал гаргаж байгаа нь гайхалтай.

Нэмж хэлэхэд, С.Болд-Эрдэнийг эс тооцвол бусад жүжигчид драмын тайзнаасаа түр завсарлаад байсан юм. Зарим нь ч хувь хувьдаа уран бүтээлээ туурвиж яваа болохоор үзэгчдийн хайрыг улам татах шиг болов.

Хөгжмийн зохиолыг урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бирваа, залуу уран бүтээлч Б.Одбаяр (Оки) нар бичсэн нь нүдээ олсон, тун зөв сонголт байлаа. Бөмбөрийн хүчит нүргээн, хүүхдийн болоод эмэгтэй дуучдын найрал, төрийн сүр хүчийг илэрхийлсэн сүрлэг хөгжмүүд үүний тод баталгаа болжээ.

Тамгагүй төр жүжгийн Арчуг хаан “Өөрийн үрээ мохируулах надад хэцүү ч гэлээ Төрийн хэцүүгээс бага нь байлгүй ёсоор болгохоос” хэмээн хүүгээ хөнөөсөн нь төрийн төлөө өөрийн алдааг засах, түмний төлөө энэ насны жаргалыг хойш тавьсан үйлдэл гэдгийг зохиол жүжиг болсон цагаас үзсэн хүн бүхэн ойлгосон.  

Эцэг гэдгээ мартаж эзэн гэдгээ мэдэх нь хаан хүний ёс, халамжит төрийн хаялага мөн. Өөрийн махан биеийн жаргалыг хойш тавьж, энэ насны амьдралаасаа давж сэтгэсэн хүнийг төрийн хар хүн хэмээн хүндлэн бишрүүштэй.

Мөн нэг зүйл анзаарсан минь Ч.Найдандорж найруулагчийн дахин үзүүлсэн хувилбар 10 гаруй жилийн өмнө тоглогдоход Арчуг хаанд ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Эгэрэг түшмэлд П.Цэрэндагва тоглов байв. Харин өчигдөр П.Цэрэндагва бөөгийн дүрд сонгогдсон нь мөн л нэг зүйл хэлээд байх шиг.

Тайзны урлаг хамгийн хэцүү ч үзэхэд амттай гэдгийг уран бүтээлчид хэлдэг юм билээ. Ялангуяа нүүр эгнээнээс үзсэн миний сэтгэлд жүжигчдийн нүүр хувиралт улам тод харагдаж байсан болохоор бахархаад, баярлаад, магтаад ханашгүй.

Ямартай ч ийм гоё жүжиг ойрд үзээгүй юм байна аа. Хэдхэн хоногийн дараа гурван өдөр дахин тоглогдох юм билээ. Тэр мөчид уншигч та үзвэл мөн л ингэж бодно доо. 

... Хорвоо гэдэг өдөр шөнө хоёроос бус хүсэл хясал хоёроос бүтсэн юм байна! Жүжгийн төгсгөлийн үг.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Ёстой гоё шийдэлтэй жүжиг болжээ  
Үзсэн: 2565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй