Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч Ш.Тамир “Хайрын салхи” нэртэй бие даасан гурав дахь үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 22-ноос ирэх тавдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх нь ээ.
Хүн байгалийн холбоо, хүн ба амьтдын хосоор амьдрах байгалийн өгөгдөл дүрслэх урлагийн олон төрлийг уран бүтээлчийн мэдрэмжээр ийнхүү дүрсэлсэн байна.
Монгол зураг дахь сэтгэлгээний онцлогийг нэвт шингээсэн уран бүтээлчийн дотоод ертөнцийн дүрс дүрслэл, далд утга учир сэдэл санаа агуулгыг хайрын романсаар ч илэрхийлсэн байх нь.
Дүрслэл илэрхийллийн маш эртний арга зураас урлагийн эхлэл хадны зурагт анх үүсч улмаар олон зууны турш дамжин хөгжсөнөөрөө Монгол зургийн дэг, түүнчлэн Монгол зургийн хөгжил суурь үүдэлтэй гэж үздэг.
Эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн далд гүн агуулга бүхий нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийг өөртөө шингээсэн хосгүй үнэт дурсгал бол эртний хадны зургууд юм.
Энэ ч утгаараа уран бүтээлч эртний хадны зурагт байдаг дүр дүрслэл, давтамж хөдөлгөөн, өнгө зэргийг судалгааны үндсэн дээр өөрийн арга барилд хувирган орчин цагийн Монгол зургийн чиг хандлагаар илэрхийлснээрээ онцлог аж.
Байгаль дэлхий бол хүн төрөлхтний төрж, өсч буй цорын ганц өлгий нь ба хүн, амьтны хосоор амьдрах өгөгдлийг далд ухамсар, сэтгэлгээний онцлог, дотоод ертөнцийн илэрхийлэлээр хосуудын гэгээн нандин хайр, баяр баясал гуниг хийгээд сэтгэлийн ариун нандин холбоог сонирхолтой байдлаар сэтгэл гижигдэм, мөнхийн хөдөлгөөн мэт сонирхолтой уран дүрсэлжээ.
Салхи чамд захидал хүргэнэ, уншаарай
Саруул үдэш болзоонд урина, ирээрэй
Сайхан нүд чамайг ширтэнэ, хараарай
Салж хагацахааргүй хайр бэлэглэнэ, үнэнч байгаарай хэмээн зураач урьжээ.
Уран бүтээлч Ш.Тамир “Хайрын салхи” үзэсгэлэн энэ сарын 22-нд нээгдэнэ | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.