УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааныг УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ даргалж, Монгол УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хянан шалгах түр хороо байгуулагдсан. Уг тогтоолд Хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосон хэмээн хуралдааны эхэнд танилцуулав. Тэрбээр, Монгол УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналтай гишүүдийг нэрсийг авав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг нэр бүхий 20 гишүүний санаачилгаар байгуулагдсан болохыг дурдаж, аливаа улс орны парламент нь ард түмний эрх ашгийг зөрчсөн хэрэгт хяналт тавих ёстой. Иймд хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан, мөн УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбатаарыг Түр хорооны даргаар нэр дэвшүүлэх саналтай байгаагаа хэлэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, Монгол Улсын Хөгжлийн банкны асуудалд шударга, улстөрийн эр зоригтой, асуудалд бодитой ханддаг хүн байх ёстойг тэмдэглэж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын нэрийн дэвшүүлэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал Хөгжлийн банкны асуудал нийгэмд маш их хүлээлт бий болгосон. Иймд зөв ойлголтыг нийгэмд хүргэх, хариуцлагатай ажлын өмнө нүүр тулж байгааг онцолж, парламентын цөөнхийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Т.Доржхандын нэрийг дэвшүүлэв.
Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Т.Доржханд нарын нэрийг дэвшүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, Хөгжлийн банкны асуудалд улстөрийн манлайлагч, хуульч гишүүн байх нь зүйтэй хэмээгээд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, өөрийн нэрээ татав.

Ингээд Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 75.0 хувь, УИХ-ын гишүүн Т.Доржханд 25.0 хувийн саналаар тус тус дэмжигдэв.
Ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгох тухай тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сонгогдов | ||
| Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.