Шууд Chart

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2022-04-21 18:13:31

УИХ-ын чуулганы 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хийв.

Тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуусан. Тэрбээр,  Улаанбаатар хотын 171 хороо 203 болж нэмэгдсэн атал иргэдийн амин чухал асуудлыг шийдвэрлэх боломж нь хомс хэвээр. Хууль батлагдсанаар ард иргэдтэй хамгийн ойр байдаг энэ нэгжид асуудал шийдвэрлэх боломж нээгдэх үү хэмээлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, өнөөдрийн хэлэлцэж буй асуудал бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байгааг тодотгоод баг, хорооны талаар нэмж тусгасан зүйл байхгүй хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дүүргийн төсөвт хорооны төсвийг тусгайлан заахаар  тусгасан ч хорооны төсөвт өөрчлөлт ороогүй байна. Дүүргүүдийн орлого сайжирсан атал хорооны төсөв өөрчлөгддөггүй. Дүүргүүд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аа баримтлан хороодын төсвийг нэмэгдүүлээд ажиллах боломжийг нь хангах шаардлагатай байна гэсэн хариулт өгсөн.

Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй