Шууд Chart

Шувуун фабрикт 16, Био комбинатад 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулна

2022-04-23 08:17:00

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотод том хэмжээний гурван төсөл хэрэгжиж байна. 

Эхнийх нь хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын унд ахуйд жилдээ 50 сая куб метр ус нэмж нийлүүлэх боломж бүрдэх юм. Удаах нь Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус цэвэршүүлэх үйлдвэр. Гурав дахь нь Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл юм. Компакт гэрээ таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31 гэхэд хоёр том дэд бүтцийн төслийг бүрэн хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа дуусгачихсан байх үүргийг Монголын тал  хүлээжээ.

Төслийн хүрээнд Шувуун фабрик орчимд 16 гүний худаг, Био комбинатын талбайд 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулах юм. Сонгинохайрхан уулын зүүн хормойд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина. Энэхүү бүтээн байгуулалтаар нийслэлийн баруун зүгт байгуулах шинэ суурьшлын бүсийг цэвэр усаар хангахаар төлөвлөөд байгаа юм. Шинэ Зуунмод, Майдар, Рашаант, Аргалант, Орбит, Баянгол, Өлзийт гэхчлэн суурьшлын бүсүүдийг цэвэр усаар хангах аж.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын тухайд дэд бүтцийн ажилтай зэрэгцүүлэн байгаль, экологийн шийдлийг хийдгээрээ онцлог. Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын талбай орчимд 67 тарвага идээшилж байдаг гэнэ.

Томоохон бүтээн байгуулалтад хүндрэл учруулдаг нэг хүчин зүйл нь газар чөлөөлөлт байдаг. Харин компакт гэрээний газар чөлөөлөлт богино хугацаанд амжилттай өрнөсөн бөгөөд Хан-Уул дүүргийн 65 нэгж талбар, Сонгинохайрхан дүүргийн 84 нэгж талбарыг чөлөөлөөд бараг дуусжээ.

Түүнчлэн ус дахин боловсруулах үйлдвэр барьж байгуулснаар Дулааны цахилгаан станцад гүний ус хэрэглэхийг болиулж, дахин боловсруулж цэвэршүүлсэн усыг технологийн хэрэглээ болон үнс зайлуулахдаа ашигладаг болох юм. Тэрхүү үйлдвэрийн барилга угсралтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлэх юм байна.  


Шувуун фабрикт 16, Био комбинатад 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулна  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй