“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан боллоо. Монголын бөхчүүд бүгд медалийн төлөө барилдсан 97 кг-ын жинд 2019 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвили, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хангарьд” спорт клубийн тамирчин Өлзийсайханы Батзул ганцаараа мөнгөн медаль хүртэв.
Бөхийн орон Ираны бөхчүүд өнөөдөр гурван алтан медаль гардсан. 1980-аад оны сүүл үед 57 кг-ын жингийн дэлхийн шилдэг хүчтэнүүдийн нэг Аскари Мохаммадиан хүү “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт Мохаммадхоссейн Мохаммадиан Улаанбаатарын дэвжээнд долоон жилийн дараа тивийнхээ хоёр алтан медалиа зүүсэн.
79 кг-ын жинд Али Савадкоухи Азийн аваргын иж бүрэн медалийн цуглуулгатай болж, 65 кг-д залуучуудын ДАШТ-д нэг, өсвөрт хоёр удаа түрүүлсэн Ираны 20 настай залуу од Рахман Хоссейн Амузадхалили анх удаа оролцож нэг амьсгаагаар түрүүлэв.
Тэрбээр шигшээ барилдаанд Улаанбаатарт ирсэн эрэгтэй бөхчүүдээс хамгийн их цол гуншинтай, олимпийн хүрэл, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт Энэтхэгийн Бажранг Пунияг 3:1-ээр илүүрхсэн. Бажрангийн нутаг нэгт “Токио-2020” олимпийн мөнгө, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Рави Кумар 57 кг-д таамгын дагуу жиндээ торолгүй түрүүлж гурван жил дараалсан шар өнгийн медалиа зүүсэн. Тэгвэл 70 кг-д 2014 онд өсвөр үеийн Азийн аваргад үзүүрлэснээс өөр олон улсад медаль хүртээгүй Японы “битүү морь” Тайши Нарикүни таамаг эвдэж аваргалав. Тэрбээр өнгөрсөн жилийн цэргийн ДАШТ-ий хүрэл медальт Мохаммадмехди Еганехжафари (Иран), Азийн аварга Сырбаз Талгат (Казахстан), ДАШТ-ий мөнгөн медальт Эрназар Ахматалиев (Кыргызстан) гэсэн шилдгүүдийг гол гаргаж алтан медальтай буцахаар болсон юм.
Ираны бөхчүүд гурван жинд түрүү булаав | ||
Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.