Шууд Chart

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн анхны хаалт боллоо

2022-05-03 15:02:43

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. Өдгөө гэр хорооллын нийт 28 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран ажиллаж, энэ хугацаанд 2519 нэгж талбарт газар чөлөөлөлөн, 11.755 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

Тэгвэл 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн анхны хаалтын ажиллагаа болж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн “Монтед констракшн” ХХК-ийн ажлыг дүгнэж, төслийн үр дүнг хүлээн авлаа.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь Сүхбаатар дүүргийн долдугаар хороолол орчимд газар чөлөөлснөөр анх эхэлж байсан. 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Монтед констракшн” ХХК өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байна. Компаниуд маань эхнээсээ ийн ажлаа хүлээлгэж өгч байгаатай зэрэгцээд олон талбарт гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлж байна. Инженерийн шугам сүлжээ татах, түүний төсөвт өртгийг нийслэлээс үе шаттай шийдэж байгаа” хэмээлээ.

“Монтед констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Ү” хэсэгчилсэн талбайн нийт 4.8 га, 79 нэгж талбар бүхий газарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 36 айлын газар чөлөөлж, нийт 875 айлын 11 блок орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц татах нь л хамгийн хүндрэлтэй байсан гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч Г.Энхболд хэлж байлаа.

Нийслэлийн иргэдийн 50 хувь нь орон сууц, 50 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд дэд бүтэц хүрэх боломжтой 128 мянган өрхийг хамруулах боломж бий. Үүнд 270 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Инженерийн шугам сүлжээ хүрэх боломжгүй үлдсэн талбарт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт төслийг хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.


Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн анхны хаалт боллоо  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй