Шууд Chart

Н.Батсуурийн даян аварга цолны мялаалга өнөөдөр болж байна

2022-05-06 11:12:02

Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурийн цолны мялаалга өнөөдөр Улаангом суманд болж байна.

Энэ тухай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Увс аймгийн засаг дарга  Ч.Чимэд захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан аж. Цолны мялаалгын хүрээнд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

Энэ жил 35 нас хүрэх Н.Батсуурийн хувьд 2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Харин 2013 оны улсын наадамд зургаа давж шөвгөрөн, улсын харцага цол хүртсэн юм. Үүнийхээ яг дараа жил нь буюу 2014 онд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж улсын арслан цол, 2018 онд улсын аварга Ч.Санжаадамбаар мөн ес даван түрүүлж, улсын аварга цол тус тус хүртсэн.

Тэрбээр 2019 оны улсын их баяр наадамд үзүүрлэсэн ч түүнийг давсан улсын арслан Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, Н.Батсуурьд даян аварга цолыг нөхөн олгосон билээ. Н.Батсуурь 2020 оны улсын их баяр наадамд даян аварга цолтойгоо зодоглох байсан ч Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй учир аварга цолтойгоо барилдсан. Тэрбээр 2020 оны наадмаар үзүүрлэсэн ч түүнээс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, барилдах эрхээ хасуулж, чимгээ хураалгасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Батсуурийн даян аварга цолны мялаалга өнөөдөр болж байна  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй