Шууд Chart

Азийн наадмын шинэ товыг ойрын хугацаанд зарлана гэв

2022-05-09 13:14:54

БНХАУ-ын Ханжоу хотод ирэх есдүгээр сарын 10-25-ны хооронд зохион байгуулагдах байсан 19 дэх удаагийн Азийн зуны наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар “CGTN” мэдээлэв.

Хятадын олимпын хороо болон Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулах хороо хоорондоо бүх асуудлыг нарийн хэлэлцсэний дүнд тус хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан Азийн 19 дүгээр наадмыг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Азийн зуны наадмыг хойшлуулах мэдэгдэлд “19 дэх удаагийн Азийн наадмын шинэ товыг зохион байгуулагчид дахин хэлэлцэж, шийдвэрийг ойрын хугацаанд зарлана” гэжээ.

Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос “Олон улсын хэмжээнд тулгарч байгаа сорилтуудыг үл харгалзан наадмын бэлтгэлийг цаг тухайд нь сайтар базааж байсан. Гэвч оролцогч бүх тал “Covid-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үүсэх эрсдэлийг тооцон, дахин бодож үзсэний үндсэнд дээрх шийдвэрийг гаргалаа” гэжээ.

Чэнду хотноо болох Дэлхийн оюутны спортын наадам мөн ирэх жил хүртэл хойшилсон талаар “South China Morning Post” сонин өнгөрсөн пүрэв гарагт мэдээллэв.

Хятадад омикрон хувилбарын дэгдэлтийн улмаас “Covid-19”-ийн шинэ давлагаа дэгдээд байгаа юм. Тухайлбал, санхүүгийн төв гэгддэг Шанхай хотод гуравдугаар сарын сүүлээс хөл хорио тогтоож, 25 сая оршин суугч гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн бөгөөд хотын томоохон хэсгүүдэд хязгаарлалт тогтоосон хэвээр байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн наадмын шинэ товыг ойрын хугацаанд зарлана гэв  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй