Монгол Улс 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд уран бүтээлийн онцгой хэл, өв төрхөөрөө олонд танигдсан, Монголын тэргүүлэх контемпорари уран бүтээлчдийн нэг Жалхаажавын Мөнхцэцэгийн "Гүнээс гүнд" үзэсгэлэнгээр оролцож байна.
Түүний сүүлийн 15 жилийн туршид туурвисан ажлуудыг дэлгэсэн уг үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн үдэш Венец хотноо болжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсаас БНИУ-д суух Элчин сайд Ц.Нарантунгалаг тэргүүтэй, Монгол, олон улсын 100 гаруй зочид оролцлоо.
Нью-Йоркт амьдарч, уран бүтээлээ туурвидаг, итали куратор Чечилиа Алеманигийн удирдлага дор, “The Milk of Dreams” буюу “Зүүдний охь” нэртэйгээр зохиогдож буй. Энэ жилийн арга хэмжээний олон улсын үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлч оролцож, 1400 гаруй бүтээл дэлгэгджээ.
Энэхүү гол үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчдийн 90 орчим хувь нь эмэгтэй байгаагаараа урьд урьдын үзэсгэлэнгүүдээс ялгарч байна. Түүнчлэн 80 улс үндэстэн өөрийн орон зайд энэхүү сэдэв дор үзэсгэлэнгээ гаргаж байгаагаас энэ жил Казахстан, Узбекистан, Кыргызстан бие даасан павильоноор анх удаа, Намиби, Оман тэргүүтэй, Ази, Африкийн таван улс түүхэндээ анх удаагаа оролцож байгаа юм.
Харин Монгол Улсын хувьд Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд өдгөө дөрөв дэх удаагаа оролцож байгаа билээ. “Гүнээс гүнд” үзэсгэлэнгийн “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” гэх гурван өрөөнд дэлгэгдсэн бүтээлүүд нь эмэгтэйчүүд, хүүхэд, амьтдын түүхийг хүүрнэж, Ж.Мөнхцэцэгийн эмзэг нандин хэр нь хүчирхэг ертөнцийн гүнд аялах боломжийг үзэгчдэд өгөх юм.
Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг нь энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээрээ дамжуулан шаналал зовуурь, айдас түгшүүр, илаарьшихуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө хуваалцаж буй. Уг үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэнгүй сэтгэл, илааршлын тухай өгүүлэх болно.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд Ж.Мөнхцэцэг "Гүнээс гүнд" үзэсгэлэнгээрээ оролцож байна | ||
Үзсэн: 453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.