Шууд Chart

Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн роман хэвлэгджээ

2022-05-12 11:25:56

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Тарнийн цагаан цэцэг” роман хэвлэгджээ.

Тэрбээр өмнө нь “Шувууг сулла”, “Үзэсгэлэнт сараана” нэртэй өгүүллэг, туужийн номоо хэвлүүлсэн билээ.

Зохиогч романыхаа эхэнд “Өнөөдөр үндэсний уламжлалт соёл, шашиндаа хэрхэн яаж хандахаас бидний ирээдүй маргааш шалтгаална” гэсэн ишлэлийг нөхдийнхөө ярианаас онцолж шигтгэсэн нь тухайн номын агуулга, зорилгыг товч тодорхой өгүүлэх мэт.

Эртнээс номт гурван орны нэг хэмээн алдаршсан Монгол оронд шашны олон мэргэд төрж оюун санааны цаглашгүй өв санг баяжуулсаар ирсэн нь өнөөдөр ч үнэ цэнээ хадгалсаар байна. Энэ мэргэдийн дотор Халхын 13 тамгатай хутагт гэж алдаршсан гэгээнтнүүд зүй ёсоор багтдаг. Тэгвэл энэ романыг тамгатай хутагтуудын нэг Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуунд мэндэлсэн Ялгуусан хутагт Чимидцэрэнгийн амьдралаас сэдэвлэсэн бөгөөд хутагтаас урагших 15 дүр эдүгээ цагт мэндэлж тодроод байгаа 17 дахь дүр хүртэлх гэгээдийн тухай хууч, домог, сурвалж, баримт зэргийг иш үндэс болгон уран сайхнаар боловсруулан бүтээжээ.

Цөвүүн цагийн илд шашин соёлын өв санд төдийгүй эрдэмт мэргэдийн хувь заяанд ямархан хөнөөл авчирч байсныг энэ роман сануулахын зэрэгцээ олон шашны эргүүлгэнд автан толгойгоо алдаж буй энэ цаг үеийнхэнд өчигдрөөсөө дотоод гэрлээ эр, ол хэмээн далд нэгээхэн хүүрнэлээр учирлах мэт. Тухайн роман хэл, найруулга, уран дүрслэлийн хувьд ур чадвар шингэсэн зохиол болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн роман хэвлэгджээ   
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй