Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20, Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Монголын мэргэжлийн урлагийн анхдагч байгууллагуудын нэг, 1945 оны Чөлөөлөх дайнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон цорын ганц урлагийн байгууллага болох ЦДБЭЧ-ын хамт олон түүхт ойдоо зориулан энхийг сахиулагчдын сэдэвт “Үнэ цэн” мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.
Тус мюзиклийн цомнолыг МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, дэд хурандаа Р.Өнөржаргал бичиж, хөгжмийн зохиолчооор Ш.Өлзийбаяр, найруулагчаар М.Түвшинхүү нар ажиллаж байгаа бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох нь ээ.
Монгол цэрэг эх дэлхийн энхийн төлөө үүрэг гүйцэтгэж, цэнхэр дуулгатнуудын алдрыг мөнхлөж эхэлсний ойд зориулан бүтээж байгаа “Үнэ цэн” мюзикл нь эх орон, эр цэрэг, эрчүүдийн нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой хийгээд Монгол цэргүүдийн эр зориг, тэсвэр хатуужил, өргөсөн тангарагаасаа үл няцах үнэн сэтгэлийг тайз дэлгэцээр дамжуулан үзэгчдийн сэтгэл зүрхэнд мэдрүүлэх юм байна.
Монгол цэргүүд бол дэлхийн цэрэг хэмээх их бахархалыг гавьяат үйлс, эр зоригоороо мөнхлөн байгаа олон мянган алба хаагч, тэдний ар гэрийнхний нандин итгэлийн тухай тодотгон харуулах нь ээ.
“Үнэ цэн” мюзикл ирэх зургаадугаар сарын 8 хүртэл Офицеруудын ордонд тоглогдож байна.
ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ойн хүрээнд “Үнэ цэн” мюзикл тоглогдоно | ||
Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.