УИХ-ын чуулганы 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уншиж танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, санал УИХ-ын гишүүдээс гараагүй бөгөөд төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нараас Улсын Их Хуралд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу 1994 оны 11 дүгээр 17-ны өдөр баталсан Эрдэнэсийн сангийн тухай анхдагч хуулийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэн тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу Эрдэнэсийн сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын саналыг дэмжин, УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуралдан чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Ганбат нар санал хэлсэн бөгөөд хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хийв.
Хууль зүйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-1 заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалт явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн хэмээлээ.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асууж, байр сууриа илэрхийлсний дараа Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.