Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-06-21 07:35:34

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Ард иргэд болон сөрөг хүчин, бие даагч гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан Газрын тухай багц хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт эргүүлэн татлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Газрын тухай хуулийн төслөө эргүүлэн татаж байгаагаа илэрхийлж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлэв. Албан бичигт “Зарим этгээд улс төрийн зорилгоор уг хуулийн төслийг буруу тайлбарлаж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг төөрөгдүүлж байгаа тул Газрын тухай хуулийн төслөө буцаан татаж байна” гэжээ. Улмаар баримт бичигт хавсаргасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Газрын тухай хуулийн төслийг ард иргэдийн дунд нээлттэй хэлэлцсэний дараа дахин өргөн мэдүүлнэ гэжээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэхийг хэлэлцлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад 14 гишүүний  нэг нь огцруулах нь зүйтэй гэсэн санал өгч, бусад нь огцруулахыг дэмжсэнгүй. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч нэг долоо хоногоор хойшлууллаа.

Цэргийн сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын зэвсэгт хүчний болоод оролцогч орнуудын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадварыг дээшлүүлэх зорилгоор  жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2014” олон улсын цэргийн хээрийн сургуулилт өнгөрсөн баасан гарагт Тавантолгойд эхэллээ. Ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх хээрийн сургуулилтад Монгол Улсын зэвсэгт хүчнээс 580 гаруй цэргийн албан хаагч, Австрали, Канад, Япон зэрэг 24 улс, нэг олон улсын байгууллагын 600 гаруй албан хаагч оролцож байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийж дүгнэлт, санал боловсруулжээ. Дугаартайгаа шилжих үйлчилгээ нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог юм байна. Ийм боломжийг бий болгохын тулд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч долоо хоногт Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ асуудлыг УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Наадам дөхсөн энэ өдрүүдэд хүмүүсийн анхаарлыг татдаг нэг асуудал нь наадам үзэх тасалбар байдаг. Энэ жилийн хувьд наадмын тасалбарын үнэ 16000, 20000, 24000 төгрөг байх аж. Тасалбарыг долоодугаар сарын 1-нээс худалдаанд гаргахаар төлөвлөжээ.  Гадаадын жуулчдад зориулсан тасалбарын захиалгыг авч эхлээд байгаа ч Төв цэнгэлдэхийн суудлын багтаамж өөрчлөгдөөгүй учраас тасалбар хүрэлцээ муутай байх магадлалтай юм. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт Үндэсний их баяр наадмаар тав хоног амрах тухай буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төсөл өргөн барих болсон шалтгааныг ЭНДЭЭС унших боломжтой. 

Хот хоорондын зорчигч тээвэрт явдаг бүх автобусанд хурд хэмжигч төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр  хот хооронд зорчигч тээвэрлэдэг жолооч нарын хариуцлага сайжирна гэж албаныхан үзэж байна. Энэ төхөөрөмжийг суурилуулснаар тээврийн хэрэгслийг 80 км цагаас хурдтай явбал удирдлагаас “Хурдаа хас” гэсэн дохио, сануулгыг жолоочид өгөх гэнэ. Мөн цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж тээврийн хэрэгсэл төөрч, будилах, эвдрэл гэмтэл гарахад хаана байгааг нь тогтоох боломжтой аж. 

Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25 000 төгрөгөөр торгох юм байна. Зургаадугаар сарын 24-нөөс хойш тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншина уу.  

Их, дээд сургууль төгсөгчид хонхны баяраа “өвөрмөц” тэмдэглэсэн нь хүмүүсийн талархлыг ихэд хүлээгээд байна. МУИС-ийн нийт төгсөгчдийн хонхны баярын үйл ажиллагаа ХСҮТ-д болж өнгөрлөө. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг "Эрх зүйч", "Олон улсын эрх зүйч" мэргэжлээр төгсөж байгаа 120 орчим оюутан хонхны баярын үйл ажиллагаанд зарцуулагддаг үргүй зардлыг хэмнэн мөнгө хуримтлуулж, өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэгддэг "зүрхний дефибириллятор" төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт бэлэглэлээ.

Төгсөгчид 9.3 сая төгрөгийн өртөгтэй тус аппаратыг авахад бусад хуулийн фирмүүдээс дэмжлэг авчээ.
ДАШТ-нээр “амьсгалж” байгаа энэ өдрүүдэд элдэв гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя. Тэмцээнийг далимдуулан архидан согтуурсан, танхайрсан, хүний амь нас бүрэлгэсэн хэрэг өнгөрөгч долоо хоногт гарлаа. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ, хөлбөмбөг үзэхээр явсан гишүүнээ гэрийнхэн нь хаана, хэнтэй байгааг сураглаж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. Уншигч та бүхэн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд болон тус тэмцээнийг тойрсон мэдээллүүдийг MNB.mn сайтын “FIFA 2014” булангаас унших боломжтой.       

МҮОНР-гийн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйн нэг нь энэ сарын 22 буюу ням гарагт Чингисийн талбайд болох Радиогийн нээлттэй өдөрлөг юм. Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншина уу.  

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр хур элбэгтэй өдрүүд үргэлжиллээ. Мөн ирэх амралтын өдрүүдэд ч нутгийн зарим хэсгээр бороо орно. Тиймээс нийт ард иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-06-21 22:20
манай армийнхан танкаа унагааж хүний амь нас эрсдсэн талаар яагаад бичихгүй байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй