Шууд Chart

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

2022-06-17 09:29:19

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар өчигдөр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн зарим хэсэг, заалтын “газар, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмч”-ийн тухай зохицуулалтын талаар гишүүдийн зүгээс хэлсэн саналын дагуу Байнгын хороо эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн эрх зүйн дүгнэлтэд нийцүүлэн “төрийн нийтийн өмч” гэж, мөн Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа бусад хууль тогтоомжийн төслүүдийн хоорондын уялдааг хангах зорилгоор зарчмын зөрүүтэй саналууд бэлтгэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн болно.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүйгээр нээлттэй үлдээж, Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Ажлын хэсэг дахин боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ. Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн 81 хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа дурдлаа.  


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 36 саналын томьёоллоор санал хураалтыг явуулсны дараа  Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. 

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 06 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг 2019 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойших хугацаанд батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн төслийн зохицуулалттай Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг уялдуулах, хууль хоорондын зөрчлийг арилгах, нийцлийг хангах зорилгоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн 30 хуулийн төсөл Ажлын хэсгийн зүгээс бэлтгэснийг Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төсөл тус бүрээр хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпцунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбоотойгоор боловсруулсан Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Музейн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжлээ. 

Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 


Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй