Шууд Chart

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

2022-06-17 09:31:23

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өчигдөр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.  


Тэрбээр танилцуулгадаа, Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн 15 дугаар зүйлийг гүйцээн боловсруулж, холбогдох хуулийн төслийн зохицуулалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтыг үндэслэн Ажлын хэсгээс төслийн 15 дугаар зүйлийн “үнэлгээчний эрхийг иргэнд таван жилийн хугацаатай олгож, таван жилээр сунгах” гэснийг “үнэлгээчний эрхийг гурван жилийн хугацаатай олгож, гурван жилээр сунгах” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэдгийг тодотгосон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй  саналын томьёоллоор санал хураасан. Тухайлбал, төслийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.5, 17.6, 17.7, 17.8 дахь хэсгийг өөрчлөн найруулж, үнэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан 15 дугаар зүйл болгох,  мөн төслийн 19 дүгээр зүйлийн 17.4 дэх хэсгийн “судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээс өөр давхар ажил эрхлэх,” гэснийг хасах зэрэг Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Иймд Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 


Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй