Шууд Chart

БНТУ-ын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Ведат Билгинийг хүлээн авч уулзлаа

2022-06-17 13:28:40

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНТУ-ын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллийн сайд Ведат Билгин, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Монгол Улс БНТУ-тай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, соёл боловсрол, зам тээвэр, худалдаа үйлчилгээ, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллаж найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн.
 
Энэ удаагийн уулзалтаар ХНХ-ын сайд Ведат Билгин манай улстай хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
 
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр улсын хамтын ажиллагаа 1969 оноос эхлэлтэй ч түүх соёлоороо хэдэн зуун жилийн түүхээр холбогддог. Сүүлийн жилүүдэд найрсаг хамтын ажиллагаа улам тэлж, аялал жуулчлал, худалдааны эргэлт нэмэгдэж, хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн ч ихсэж байна. Турк улсад Монгол Улсын 6000 гаруй иргэн сурч, хөдөлмөрлөж, амьдарч байна. Цаашид ч улам нэмэгдэх хандлагатай байгаа нь цар тахлын дараа илүүтэй ажиглагдах болсон. Үүнд хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлэлцээрийг өнгөрсөн онд БНТУ-ын Засгийн газар соёрхон баталж, хэрэгжүүлж эхэлсэн нь бодитой үр дүнгээ өгч, хоёр улсын иргэд хаана ч ажилласан нийгмийн даатгалын шимтгэлээр дамжуулан эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээ, бусад нийгмийн үйлчилгээг харилцан эрх тэгш хүртэж байна” гэсэн юм.
 
БНТУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ведат Билгин “Манай хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйд баяртай байна. Манай улсын эдийн засаг цар тахлын дараа урьд өмнөхөөсөө өсөж, 1.4 сая иргэнийг шинээр ажлын байраар хангаад байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр Турк улсын Засгийн газраас Ажилгүйдлийн нийгмийн даатгалын санг байгуулж, сургууль төгссөн залуучуудыг 3-6 сарын сургалтад хамруулан, 1-2 жилийн баталгаатай ажлын байранд зуучилж эхлээд байна. Ингэхдээ тус сангаар дамжуулан шинээр ажилд орсон залуучуудыг 1-2 жил ажлаас халахгүй байх шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагуудад тавьж, дээрх сангаас эрсдэлийг дааж буй. Уг туршлагаасаа Монгол Улсын Засгийн газартай хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна” гэлээ.
 
Шадар сайд дээрх саналыг нээлттэй хүлээн авч, цаашид бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

БНТУ-ын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Ведат Билгинийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй