![](/uploads/201307/news/thumb/84bdef0ed30af6ee49f1557e7d67af9b_x3.jpg)
Олон сайхан зохиолын дууг ард түмний сэтгэлд хоногштол дуулж, нэг хүн мэт нэрлэгдэх болсон хослон дуулаачид манайд цөөнгүй. Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаагаас өгсүүлээд Г.Чинболор, Б.Энхболд гээд цааш үргэлжлэнэ.
Харин сүүлийн жилүүдэд эрх ишиг мэт ижилдэн реклам бүр дээрээ “Цогоо гуай” хэмээх үгээр нөхрөө давхийтэл цочоох Хүрлээгийн дүрээр жүжигчдийн дундаас бас нэгэн хос нэртэнгүүд төрсөн билээ.
“Гараа сайн бол бариа сайн” гэдгийн үлгэрээр анх DDISH-ийн рекламанд тоглож олны талархлыг хүлээсэн хоёр цаашаа улам гаарч, АН болон ерөнхийлөгчийн сонгуулийн рекламанд хүртэл тоглоод амжсан. Хүрлээгийн өргөж ирсэн том чулууг Цогоо гуай “тулгуургүй, тэнцвэргүй” хэмээн голж, аваргыг жинтэйхэн үгээр нам егөөдөөд авсан удаатай. Мөн энэ үеэр эл хоёр хосын тоглосон DDISH-ийн реклам давхар цацагдснаар тэр хоёрыг мөнгөнд ханадаггүй хэмээн шүүмжлэх хүмүүс ч байсныг үгүйсгэхийн аргагүй.
Ийнхүү ардчилсан ерөнхийлөгчийг өнгөтөөр рекламдсан Хүрлээг монгол улсын төрийн тэргүүн тангараг өргөх ёслолынхоо өмнөх өдөр МУГЖ цол тэмдэгээр шагнаснаар нэгэн насныхаа амьдралыг урлаг хэмээх их айлд зориулж яваа гэнэн цайлган зантай түүнийг магнайг нь тэнийтэл баярлуулсан билээ.
Наадмын дараа намар гэдэгчлэн баярын дараах өдрүүдээс шинэхэн гавьяат Хүрлээ хүү ч мөн дүрээ солилоо. Тэрээр энэ удаа хослон тоглогчоосоо түр зайгаа барьсан бөгөөд Монголын хүнсний манлай үйлдвэрлэгч “АПУ” ХХК-ийн “Фрутта” ундааны рекламанд алдарт “Аман хуур” уран сайхны киноны Соном өвгөний дүрийг тун чиг чадамгай бүтээсэн юм.
Бөөрөнхий шил зүүн, бүрх малгай духдуулсан Хүрлээгийн дүр Соном өвгөнтэй жигтэйхэн адилхан болсныг үзэгчид ам уралдан ярьцгааж, дугуй унан жирийлгэх түүнийг харсан нэгэн нь “Өө төрмөл Соном өвгөн” хэмээн дуу алдацгаах болсон гэнэ.
“Төрмөл” Соном өвгөн буюу Хүрлээгийн шинэ дүр төрх | ||
Үзсэн: 5068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.