Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарилга гаргаж, нэр бүхий хүмүүст Хөдөлмөрийн баатар цол олголоо. Тодруулбал,
- Авто тээвэр, газар тариалангийн салбарт тасралтгүй 40 шахам жил хөдөлмөрлөхдөө Монгол Улсад атар газар эзэмших, газар тариаланг хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн 1 га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн улсдаа тэргүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн хамт олноо улсын “Тэргүүний тариаланч хамт олон”-оор удаа дараа шалгарахад идэвх санаачилга гарган манлайлан ажиллаж, ард түмнээ эрүүл хүнсээр хангах, авто тээвэр, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж “Анхтамир” ХХК-ийн захирал, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу,
- Галч, монтёроос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж Холбооны яамны сайд хүртэл дэвшин улс эх орондоо 50 шахам жил ажиллахдаа Монгол Улсыг бүрэн холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулж, харилцаа холбооны үсрэнгүй хөгжлийг хангах суурь дэд бүтцийг бий болгоход хичээн зүтгэж, Харилцаа холбооны салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах, төгөлдөршүүлэх, салбарынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд гаргасан санал санаачилга, Монгол Улсын дипломат алба, харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Ардын Их Хурлын депутат, Холбоо эрхэлсэн орлогч сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Гавьяат холбоочин Дахын Готов нарт тус тус Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

| Ш.Норовсамбуу, Д.Готов нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо | ||
| Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.