![](/uploads/202207/news/thumb/d711dbb9b92a090f283be7e8d3bc61f4_x3.jpg)
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болж, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2021 оны биелэлтийг дүгнэжээ.
Тус гэрээг нийслэлийн өмчит 788 байгууллагатай байгуулсан байдаг бөгөөд тэдгээрийн 96.3 хувь буюу 760 байгууллага гэрээгээ дүгнүүлжээ. Үлдсэн 28 байгууллагын 17 нь шинээр байгуулагдсан, үйл ажиллагаагаа эхлээд удаагүй, өмч эзэмшлийн гэрээ байгуулаагүй тул дүгнэх боломжгүй байжээ. Ажлаа дүгнүүлсэн байгууллагуудын 81.2 хувь нь “бүрэн хангалттай” үнэлгээ авсан байна. 16.2 хувь буюу 123 байгууллага хангалттай үнэлгээ авсан бол 2.6 хувь буюу 20 байгууллага нь ажил сайжруулах шаардлагатай нь тогтоогджээ.
Гэрээт байгууллагуудын хувьд өмч хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын хувьд хангалттай сайн үнэлгээтэй байгаа төдийгүй өөрсдийн боломжоор хандив, тусламжаар хөрөнгө бий болгох, ашиглалтыг сайжруулах чиглэлд санаачилгатай ажилласныг Зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан. Төсвийн санхүүжилт хангалттай биш байгаа ч дотоод нөөц бололцоогоо ашиглан урсгал засвар, тохижилт хийсэн газрууд цөөнгүй байна. Тухайлбал, Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэг хуучин зоорийг буулгаж, түүхий эд материалыг нь ашиглан ажилчид нь шинээр хүлэмж барьж, тоглоомын талбайгаа тохижуулсан байна.
Нийслэлийн 152 дугаар цэцэрлэг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар 400 гаруй сая төгрөгийн засвар, шинэчлэлийн ажил хийсэн байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 20, 146, 147, 172, 213 дугаар цэцэрлэг, 120 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль, 38, 55 дугаар цэцэрлэг, Өнөр цогцолбор сургууль өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, түүнийг сайжруулахад анхаарч ажилласныг цохон тэмдэглэсэн.
Сайны сүүдэрт саар байгаагийн жишээнд орон нутгийн өмчит байгууллагын зарим нь барилга байгууламжийн хувийн хэрэг огт хөтөлдөггүй зөрчил илэрчээ. Сүүлийн жилүүдэд шинээр баригдсан зарим барилгууд нь цэвдэгтэй газарт баригдсан болон барилгын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүйгээс цууралт үүссэн, хана туурга нь хагарсан гэх мэт зөрчил мөн байсаар байна. Саарын жишээнд Багахангайн Эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн ЗДТГ, Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төв, Энэрэл эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн Хүрээ амаржих газар, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэг, 59, 63 дугаар сургууль зэргийг дурдаж байлаа. Дүгнүүлсэн байгууллагын 292 буюу 53.9 хувь нь эзэмшил газраа баталгаажуулсан, газартай холбоотой ямар нэгэн зөрчилгүй байжээ. Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээг дүгнэн есөн дүүрэг тус бүрд “Тэргүүний өмч эзэмшигч” байгууллагуудыг шалгаруулсан байна. Тухайлбал:
- Багануур дүүрэг-Боловсрол цогцолбор сургууль
- Багахангай дүүрэг-Онцгой байдлын хэлтэс
- Баянгол дүүрэг-47 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг-Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор
- Налайх дүүрэг-123 дугаар цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүрэг-104 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг-135 дугаар цэцэрлэг
- Хан-Уул дүүрэг-Засаг даргын Тамгын газар
- Чингэлтэй дүүрэг-Нийслэлийн Цагдаагийн удирдах газар багтжээ.
Цаашид гэрээний биелэлтийн дүнгээр ажил сайжруулах үнэлгээ авсан, гэрээний үүргийн биелэлтээ дүгнүүлээгүй хуулийн этгээдэд сануулах арга хэмжээ авах, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, байнгын ашиглалтад хүлээн авсан ч нийслэлийн өмчид бүртгэгдээгүй барилга байгууламжуудыг бүртгэлд тусгах, нийслэлийн өмчит байгууллагуудын эзэмшил газрыг шинэчилсэн бүртгэлд түргэн шуурхай хамруулах зэрэг ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгалаа.
“Тэргүүний өмч эзэмшигч” байгууллагуудыг шалгаруулжээ | ||
Үзсэн: 1147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.