![](/uploads/202207/news/thumb/23115f07602c36f927f6cd73d29ea7b9_x3.jpg)
Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт хийсэн тохижилтын ажлууд хийгээд наадмын өдрүүдэд зам хаах хуваарь, нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дэд дарга Д.Батболд "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороонд 619 сая төгрөгийн төсөв баталж өгсөн. Төсвийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагийн явган хүний зам, авто зам, ариун цэврийн байгууламж, асар, үзэгчдийн суудлыг засан шинэчлэх зэрэг тохижилт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын 6600 ам метр талбайг зүлэгжүүлж, явган хүний 4818 ам метр зам талбайг засан шинэчилсэн.
Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын авто замд сүүлийн 10-20 жил засвар, шинэчлэл хийгдээгүй байсан бол энэ жил 10.194 ам метр авто замд асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийлээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд 60 суултуур бүхий хоёр ариун цэврийн байгууламж шинээр барьсан. Харин Хүй 7 худагт 46 ариун цэврийн байгууламж ажиллана.
Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн болон түүний гадна талбайд нийт 70 гэрэлтүүлэг хийж, туг мандуулах шонг засаж, шинэчилсэн. Худалдаа, үйлчилгээний нийт 725 байгууламж ажиллахаас Төв цэнгэлдэх хүрээлэнд 390 асар, Хүй 7 худагт 335 гэр ажиллах юм. Наадамчид та бүхнээс хог хаягдлаа ил задгай хаялгүй, соёлтой наадахыг хүсье" хэмээлээ.
Д.Батболд: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талыг зүлэгжүүлж, явган хүний замыг засаж шинэчилсэн | ||
Үзсэн: 432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.