Шууд Chart

Н.Ганбат: Тээврийн цагдаагийн 580 алба хаагч хотод үүрэг гүйцэтгэнэ

2022-07-10 15:50:01

Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ганбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Наадмын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдал, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 580 алба хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад гудамж, замд ажиллана. Үүнд Хүй 7 худагт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо ороогүй. Наадмын Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос бэлтгэсэн зогсоолуудад алба хаагчид хяналт тавьж ажиллана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоолын тоо хязгаарлагдмал байгаа учир нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэхийг иргэддээ уриалж байна. Мөн Замын цагдаагийн газраас иргэдийг хөдөлгөөнд оролцож байгаа үед ая тухтай, осол авааргүй зорчуулах үүднээс хяналтын цэгүүд гаргасан" гэв. 

Мөн хэд хэдэн байршилд зам хаана. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хойно буюу Гандигийн гудамж, урд буюу Нийслэл хүрээ өргөн чөлөөг долдугаар сарын 11-12-нд хязгаарлана. Хязгаарлалттай бүсүүдэд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд болон шуурхай албаны тээврийн хэрэгслүүд, нийтийн тээврийн үйлчилгээ явна гэлээ. 

"Тухайн хязгаарлалтын бүсийн оршин суугчид буюу Хан-Уул дүүргийн 15, 18-р хорооны иргэдэд тухайн хорооны Засаг даргаас зөвшөөрөл олгоно. Тухайн хороодын иргэн иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт, түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн гэрээ гэсэн бичиг баримтын аль нэгийг зөвшөөрлийн хамт үзүүлж хөдөлгөөнд оролцоно.

Иймд нийт хөдөлгөөнд оролцож байгаа иргэд та бүхэн зохих зөвшөөрлийг авч, заасан маршрутын замаар хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Хүй 7 худагт шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг нэг урсгалд оруулдаг. Тухайн үеийн нөхцөл байдал, хөдөлгөөний эрчмээс шалтгаалан шийдвэр гаргана. Энэ талаар иргэдэд тухай бүрд мэдэгдэж ажиллана” гэж ярилаа.


Н.Ганбат: Тээврийн цагдаагийн 580 алба хаагч хотод үүрэг гүйцэтгэнэ  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй