Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-06-28 07:12:47

Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзсан уулзалт хүмүүсийн анхаарлыг ихэд татлаа. Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолоор улс төр хийж болдоггүйг сануулсан төрийн тэргүүний зэмлэлийг ЭНДЭЭС   бүрэн эхээр нь уншаарай.

Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын аэродромын хөөрч, буух зурвасны бетон хучилтын ажил өнгөрсөн долоо хоногт эхэллээ. Хучилтын ажлыг Япон, БНСУ-ын инженер-техникийн багийнхан гүйцэтгэж байна. Олон улсын нисэх буудлын аэродромын хөөрч, буух зурвас нь 3600 метрийн урттай, 45 метрийн өргөнтэй байх бөгөөд 7.5 метрийн асфальт бетон хөвөөг хоёр талаар нь дэвсэх аж. Энэхүү ажлыг гурван сарын хугацаанд хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал тав дахь удаагаа хойшилж байгаа юм.

Олон хүнд хүлээлт үүсгээд байгаа нэг зүйл бол нийслэлийн 160 орчим мянган иргэнд долоон дүүргийн 52 байршилд 15 мянган га газрыг өмчлүүлэх ажил болоод байна. Төлөвлөлтийн ажлууд дуусч НИТХ-аар батлуулахад бэлэн болсныг өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчид уг төлөвлөлтийн ажилтай танилцаж, эхний ээлжинд 20 байршил, зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны газрын хаягийн зургийг баталлаа. Ингэснээр иргэд ирэх наймдугаар сараас эхлэн газар өмчлөх эрхээ баталгаажуулах бүртгэлд оролцох эрх эдэлнэ гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар ярилаа. Иргэд хаана, хаана газар өмчилж авах боломжтойг ЭНДЭЭС  уншина уу.

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хэмжээний хэд хэдэн айлчлал боллоо. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа. Мөн долоо хоногт УИХ-ын даргын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко Монгол Улсад айлчлал хийв. Харин Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 24-26-нд манай улсад албан ёсны айлчлал хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газарт олголоо. “40 жилийн өмнөөс улаанбурхан өвчний тархалтын эсрэг авч хэрэгжүүлсэн дархлаажуулалтын тогтолцооны үр дүнд Монгол Улс улаанбурхан өвчний тархалтгүй орон болж чадлаа. Энэ нь эрүүл мэндийн салбарын үе үеийн удирдлагууд, эмч, эмнэлгийн ажилтнууд, дархлаажуулалтын сувилагч нарын ажлын олон жилийн ажлын үр дүн” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Манай улс 1940 онд цагаанцэцэг өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсан бол 2000 онд халдварт саа өвчнийг устгасан батламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч байсан түүхтэй.

Өнгөрөгч баасан гарагт Улсын дээд шүүхэд "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй, эрүүгийн хуулийн "Зандалчилах" хэмээх зүйл ангиар анхан шатны шүүхээс таслан шийдвэрлэсэн хэргийг хянан хэлэлцэж давж заалдах шүүх хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоо, Г.Болдбаатарт 6.11, Д.Төмөрбаатарт 10.6, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял оноосон  байдаг.

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган энэ сарын 23-нд Кени Улсын Найроби хотноо эхэллээ. Тус чуулганаар төлөөлөгчид Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг Ассамблейн Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгосон байна. 

Узбекстанд болж байгаа өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай шатарчид амжилттай оролцож байна. Тэмцээний зургаа хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Эрдэнэ-Очир түргэвчилсэн тоглолтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол стандарт төрөлд шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн таатай мэдээ ирлээ. 

Дэлхий нийтээрээ хөлбөмбөгийн ДАШТ-нээр “амьсгалж” байгаа энэ өдрүүдэд элдэв гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя. Уншигч та бүхэн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд болон тус тэмцээнийг тойрсон мэдээллүүдийг MNB.mn сайтын “FIFA 2014” булангаас унших боломжтой.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна   
Үзсэн: 2864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-06-29 12:32
Олон түмэн минээ Дархан цаазат Богд хан уулыг маань хэдэн талаас нь нураагаад байхгүй болгохнээ.Богдхан уулаа нурааж зам тавьсанаас замгүй байсан нь дээр шүү дээ.Зайсангийн ар талыг нураагаад олон давхар байшин барьсан ,одоо яармагийн гүүрний тэр хавьд өнөө уулыг чинь нурааж байна. Ийм булчимгүй ажил хийгсдээс байгаль хариугаа авч ниргээсэй.
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2014-06-28 19:50
HI.MINII MONGOLCHUUDAA.NAMAR OIRTOJ BGAAG XELEX UU.AH YARCH BGAAG XELEX UU.NARIIN BUDUUN TSARIG YARISAAR L BNA.YARIXAAR CH BNA.2 N ZEREG NARIIN TSARIG ZAM MUXAR DULII TAVICHIJ BOLDOGGUI UM BOLOV UU?EEBEEGIIN NUURNII BL NOTSTOI UM XELEED BGAAN BISH UU!!!???.MNG SULD URSHUU

Бидэнтэй нэгдээрэй