УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны төгсгөлд “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх” Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээллийг сонсов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Даланзадгад, Дундговьруу очих авто замаар нүүрс тээвэрлэж буй явдлыг зогсоох асуудалд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг хүнд даацын авто машинаар тээвэрлэснээс үүдэн авто зам багагүй эвдэрч, зам тээврийн осол их гарах болсныг онцолсон. Иймд эл түүхий эдийг төмөр замаар тээвэрлэх ажил ямар шатандаа яваа болон нийт хэчнээн тонн мидлинг татсаныг илүүтэй лавлаж байлаа.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул хариултдаа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 90 дүгээр захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг шаардлагатай түүхий эдээр хангаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн иргэдэд сайжруулсан шахмал түлш нийлүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, салбар дундын нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлинг татах ажлыг өнгөрсөн зунаас эхлэн зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар төмөр зам ашиглалтад орсон тул авто замаар тээвэрлэх асуудал харьцангуй багассан гэж байлаа.
Мөн тэрбээр өнөөдрийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК 248 мянган тонн мидлинг татаж аваад байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам ХНН”-ээс тус компанид нийт 150 вагон гаргаж өгсөн. Ер нь мидлинг тээвэрлэх асуудлыг төмөр замаар татах чиглэлийг барьж байгаа хэмээн хариулав.
| Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээллийг сонсов | ||
| Үзсэн: 398 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.