Шууд Chart

Зам барилгын ажлын явцтай танилцав

2014-06-30 12:14:17

2014 онд хийж хэрэгжүүлж байгаа зам барилгын ажлын явцтай өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт танилцав. Энэ удаа 12 объект дээр очиж хяналтын мэргэжилтэн, гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд болон инженер техникийн ажилтнуудтай ажлын талбай дээр уулзсан байна.

Энэ онд гадаргуун ус зайлуулах шугам барих ажил есөн байршилд хэрэгжихээс  хоёр нь он дамжин хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Грин маунт" ХХК борооны ус зайлуулах шугамын ажлыг 65 хувьтай хийж байна. Энхтайваны гүүрийн баруун доод талд буюу Зам, тээврийн яамны зүүн талын зам дагуу хийж байгаа шугамын явцтай бид эхэлж танилцсан. Харин Олимпийн гудамж, Их сургуулийн гудамжинд борооны ус зайлуулах шугам барих гэрээт ажлыг "Улаанбаатар нэгтгэл" гүйцэтгэж байгаа юм.      

 
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг өргөтгөн шинэчилж дөрвөн замын уулзвар болгох ажлыг "Рингроуд" ХХК он дамжуулан гүйцэтгэж байна. Энэ уулзвар нь Хуримын ордны зүүн урд талын уулзвар юм. Өнгөрсөн онд 95 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн энэ ажил "Шангрила" барилгын ажлаас шалтгаалан удааширч, одоогийн байдлаар 98 хувьтай хийгдэж байна. Уулзварт шинээр гэрлэн дохио байрлуулах юм. 
 
 
 
 
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Төв цэнгэлдэх орчимд буюу 120 мянгатын автобусны буудлын дэргэд явган хүнд зориулсан гүүрэн гарц барих ажлыг "Эм Би Эй Эс" ХХК, "Гиацинт" ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна. Гагнуурын ажил хийгдэж дууссан бөгөөд шилэн фасадны ажил эхлэхэд бэлэн болоод байна. Баяр наадмаас өмнө явган хүний хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зорчиход зориулсан цахилгаан шат мөн угсарна. 
 
 
 
 
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжнаас Вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэлх 0.13 км байгалийн чулуун хучилттай авто зам барих ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр "БЭЮС" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-нд хүлээлгэж өгнө. Зорчих хэсгийн өргөн 5.5 м, нэг талдаа 1.5 м өргөнтэй явган хүний замтай. Газар чөлөөлөлтийг шийдвэрлэж гүйцсэн. 10х10х10 харьцаатай байгалийн чулуугаар хучилт хийж байна.   
 
 
 
 
Баянгол дүүрэг, Шүүхийн гудамжнуудын 1 км авто замыг шинэчлэх ажлыг он дамжуулан гүйцэтгэж байгаа "Монгол сата интернэшнл" ХХК-ийн ажилтай танилцлаа. Энэ гудамжинд замын шинэчлэлтийн ажил дууссан. Борооны ус зайлуулах шугам барьж байгаа бөгөөд холболт хийж, явган хүний зам тавьснаар ажил дуусгавар болно. Нийт ажлын явц 95 хувьтай байна. 
 
 
 
 
Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Төмөр замын Замын цагдаагийн тасаг, "Ган зам" зочид буудлын орчмын зам талбай доторх борооны ус зайлуулах шугамын ажлыг "Нэмэх сүлжээ" ХХК 70 хувьтай гүйцэтгэж байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар сарын 01 хүртэл гүйцэтгэх гэрээтэй уг ажлын хүрээнд ус зайлуулах шугамыг лотки, далд шугам гэсэн хоёр төрлийн хийцээр хийж байгаа юм.    
 
 
 
 
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Замчдын гудамжнаас Вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэлх 0.12 км байгалийн чулуун хучилттай авто зам барих ажлыг 8 дугаар сарын 01 хүртэл хийж гүйцэтгэхээр "Хомын тал" ХХК ажиллаж байна. Ажлын явц 57 хувь. Зорчих хэсгийн өргөн 5.5 м бөгөөд нэг талдаа 1.5 м өргөн явган хүний замтай. Замын трасст орсон 13 гараж, цэцэрлэгийн хашаа, орон сууцны хашааг чөлөөлсөн. 67, 68-р байрны оршин суугчдын хүсэлтээр автомашины далд зогсоол ба дээр нь хүүхдийн тоглоомын иж бүрэн талбай барих ажил хийгдэж байгаа бөгөөд замын баруун талд баригдаж байгаа уг ажилтай уялдуулан замын ажил түр зогсоод байна. 
 
 
Ажилчны гудамжинд Дунд голын доод гүүрийг шинэчлэх, хос гүүр болгох ажлыг "ЗМЗ" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Өнгөрсөн онд баруун талд нь шинэ гүүр барьж нээсэн. Энэ онд хуучин гүүрийг шинэчлэн засварлах ажил хийгдэж байна. 7 сарын 10-нд нээхээр гүүрийн хөдөлгөөнийг хаасан бөгөөд хугацаа шахаж ажилласнаар 6 дугаар сарын 23-нд нээсэн. Анх 1975 онд ашиглалтад орсон энэ гүүрийн тулгуур, зорчих хэсэгт бүрэн засвар хийлээ. 
 
 
 
 
Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Тотал Инж" ХХК он дамжуулан гүйцэтгэж байна. Замын нийт уртад суурь хучилтын ажил хийж өнгөрсөн онд хөдөлгөөнийг нээсэн хэдий ч өнгө хучилтын ажил хийгдээгүй байгаа тул зам эвдэрч эхлэх эрсдэлд ороод байна. Тус замын хөрөнгө оруулалтыг УИХ-ын 2013 оны 30 дугаар тогтоолоор зогсоогоод байгаа юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр замын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.  
 
 
 
 
Өлзийт хорооллоос Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн замтай холбох 9.06 км авто замыг концессийн гэрээгээр "Ди Ар Жи" ХХК  шинэчилж эхлээд байна. Энэ оны 11 дүгээр сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй энэ замын зорчих хэсгийн өргөн 9 м, явган хүний замын өргөн 3 м, ус зайлуулах төмөрбетон хоолой 27 ш, хөвөөний өргөн 0.5 м байх юм. Замын нийт уртад газар шорооны ажил, төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлууд хийгдэж байна.  
 
 
 
 
Хүй 7 худагт нийслэлийн Засаг даргын А/488 дугаар захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын 2.7 км авто зам, 1.5 га талбайд 500 автомашины зогсоол, үйлчилгээний төвүүдийг холбосон 3 м өргөнтэй 800 у/м явган хүний цементбетон зам барих, давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлыг "Тотал Инж" ХХК, "Хомын тал" ХХК гүйцэтгэж байна. 7 дугаар сарын 05-нд хүлээлгэж өгөх дээрх ажлуудын хувьд хучилтын ажил, явган хүний зам, хайрган замууд хийгдсэн. Нийтдээ 70 хувьтай хэрэгжиж байна. 
 
 
Ийнхүү Нийслэлийн Авто замын газраас сүүлийн 2 долоо хоногийн бямба гаригуудад нийт объектуудаа тойрч танилцсан бөгөөд энэ удаагийн ажлын хэсэгт газрын дарга Д.Нанзаддорж, орлогч дарга Д.Баясгалан, Дотоод хяналт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Энхбаатар, Замын материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн эрхлэгч Л.Мэндбаяр, Газар чөлөөлөлт, инженерийн байгууламжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батбилэг, Төлөвлөлт судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр, хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэл нар ажиллалаа. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зам барилгын ажлын явцтай танилцав   
Үзсэн: 3168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй