Шууд Chart

ХЗБХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2022-10-12 15:36:22

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны долдугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Анхны хэлэлцүүлгийн үеэр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх нь Зөвшөөрлийн тухай хуулийн харилцаанд хамаарах эсэхийг нягтлах саналыг Улсын Их Хурлын гишүүд гаргасан. Ажлын хэсэг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэрээ дээрх асуудал болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн хүрээнд ажилласан гэв. Ингээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх тул Зөвшөөрлийн тухай хуулийн харилцаанд хамаарахгүй гэж үзсэн байна. 

Түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, эсвэл менежерээр ажиллах этгээдэд тавигдах шаардлагыг төсөлд тусгасан бөгөөд уг этгээд тухайн албан тушаалд томилогдсоны дараа уг шаардлагыг хангаагүй талаар баримт илэрсэн тохиолдолд асуудлыг хэрхэн зохицуулах, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг зохицуулах анхдагч хууль баталж байгаатай холбогдуулан одоо үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх журмын сургалтад нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй хамруулах, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор хуулийг 2023 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх, олон улсад санхүүгийн шинэ арга хэрэгсэл бий болж байгаатай холбогдуулан иргэдэд мөнгө, зээл, санхүүгийн талаар үнэн зөв, тодорхой мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагын улмаас иргэдэд санхүүгийн мэдлэгийг үнэ төлбөргүй олгох ажлыг гүйцэтгэх асуудлыг төсөлд тусгах шаардлагатай хэмээн үзэж холбогдох саналын томьёоллуудыг боловсруулсан байна.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Төслийн хүрээний зохицуулалтад ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа холбогдох эсэх, холбогдох  тохиолдолд тэдгээрийн төлөөлөлтэй зөвшилцөн ойлголцолд хүрсэн эсэхийг тодруулсан юм. Зохицуулалтад хамаарах бүх талтай холбогдож, хамтран ажилласан гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хариултдаа хэлсэн.

Хуулийн төсөл батлагдан хэрэгжиж эхэлснээр аливаа төрлийн мөнгөн зээл олгох үйл ажиллагаа эрхлэгч бүр тодорхой шалгуур хангасан тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагагүйгээр, бүртгүүлнэ гэдгийг онцлон тайлбарлав. Эргэлтийн хөрөнгийн хэмжээгээр ангилж, бүртгүүлэх үйл явц өөр байна, үйл ажиллагаа эрхлэгчдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохицуулахаар төсөлд тусгасан гэв. Б.Энх-Амгалан гишүүн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэрт ямар хяналт тавих талаар болон үйл ажиллагааны зохицуулалтын талаар тодруулж, хариулт авсан юм. Монгол Улсад ФАТФ-аас 40 зөвлөмж өгсөн бөгөөд энэ хүрээнд аливаа төрлийн санхүүгийн үйл ажиллаа бүртгэлтэй, хяналттай, санхүүгийн эх үүсвэр нь тодорхой байх шаардлага тавигдаж байгаа бөгөөд эдгээрийг биелүүлэх хүрээнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. Энэ хүрээндээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг хэмжээний мөнгөн зээл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа бол бүртгэл, хяналттай болно гэв.

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


ХЗБХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй