УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, “Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:
Нэгт, Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
Хоёрт, Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;
Гуравт, Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх;
Дөрөвт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;
Тавд, Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно.” хэмээв.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулгадаа дурдав.
| БОХХААБХ: Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ | ||
| Үзсэн: 316 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.