Шууд Chart

Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лабораторийн шав тавилаа

2014-07-01 12:17:42

ХӨСҮТ–ийн хашаанд Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори байгуулах барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд ЭМЯ, ХӨСҮТ болон гүйцэтгэгч компанийн хамт олон оролцсон юм.

Тус арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн үр нөлөө хүртээмжийг сайжруулах чиглэлээр ЭМЯ-аас авч хэргэжүүлж буй олон бүтээн байгуулалтын нэг нь “Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори” байгуулах юм.
 
Өвчнийг цаг алдалгүй оношлох, эмчилгээг хянах, анагаах ухааны ололт амжилтыг практикт нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулах болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд лаборатори голлох үүрэг гүйцэтгэдэг.
 
ЭМЯ, ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй хамтран “Монгол Улсад лабораторийн тусламж үйлчилгээг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” боловсруулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан гаргасан ба энэ төлөвлөгөөнд тусгагдсан нэг ажил нь Эрүүл мэндийн салбарт био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори бүхий ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн барилга барих асуудал байсан юм.
 
Лабораторийн тусламж үйлчилгээнд орчин үеийн шинжлэх ухаан технологийн дэвшил асар хурдацтай нэвтэрч байна. Лаборатори нь хөрөнгө мөнгө их шаардсан өвөрмөц салбар боловч шинэчлэлийн Засгийн газраас манай асуудалд онцгой анхаарч шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй хийж байна.
 
Уг стратеги төлөвлөгөөний дагуу зөвхөн 2013-2014 онд аймгуудад оношлогооны төв байгуулснаас гадна УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГ-ын дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ лабораторийг байгуулах ажил шийдэгдсэн гээд тусгай зориулалтын буюу био аюулгүй байдлыг хангасан халдварт өвчний лабораторийг барьж байгуулах нь мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан ажил бөгөөд гүйцэтгэгч компани хариуцлагатай нягт нямбай ажиллаж төлөвлөсөн хугацаанд нь тус обьектийг ашиглалтад оруулж хүлээлгэж өгнө гэдэгт найдаж байна. 
 
Мөн ХӨСҮТ-ийн хамт олон гүйцэтгэгч компанид мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгч, эмнэлгийн үйлчилгээнд саад болохгүй ажиллах тал дээр онцгой анхаарах шаардлагатайг сануулсан юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лабораторийн шав тавилаа   
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй