Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын талаар хэлэлцэж байна

2022-10-21 11:19:13
Error loading player: No playable sources found

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Уулзалт, хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж, хөгжлийн түншлэгчдийн зүгээс баримталж буй бодлого, байр суурь, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтовортой ашиглах, генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, байгаль орчныг нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, тэдгээрийн менежментийг сайжруулах талаар хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл болон түүнтэй тэмцэх, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгжүүдийн ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, хойч үеийнхээ төлөө хамтдаа мод тарьж, ургуулан, арчлан хамгаалж байгаад талархал илэрхийлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын тогтвортой санхүүжилт, урт хугацааны хамтын ажиллагааны бодит хэрэгжилтийг хангах хүрээнд байгалийн нөөцийн дансны аргачлалыг хөгжүүлэх, экосистемийн үйлчилгээний төлбөрийн зарчмыг нутагшуулах зэргээр техник чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ нэн өндөр байна” гэв.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахдаа эдийн засгийн өсөлт, хөгжлийн явцтай нийцүүлэн харилцан уялдаатай нэгдмэл арга хэмжээ авах нь чухал гэдгийг хэлэв.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улстай байгуулсан хамтын ажиллагааны стратегид байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын тэсвэртэй байдлыг сайжруулахад эдийн засгийн дэмжлэгээр хамтран ажиллаж ногоон хөгжлийг цогцлоохыг зорьж байгаагаа тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байна.


Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын талаар хэлэлцэж байна  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй