
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрс болон бусад ашигт малтмалын ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо гарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөрш орнууддаа, цаашлаад тэдгээрээр дамжин далайд хүрч гуравдагч улсуудад бараа, бүтээгдэхүүнээ ашигтай нөхцөлөөр экспортлохын тулд зөвхөн төмөр замын дотоодын оновчтой зохион байгуулалт бүхий нэгдсэн сүлжээтэй болохоос гадна төмөр замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтын дүнд ОХУ болон БНХАУ-ын төмөр замуудтай холбогдох шинэ гарц нээгдэнэ гэж тусгагджээ.
Тогтоолын төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл нь хоёр зүйлтэй байх бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгасан болохыг танилцуулав. Үүнд:
1 дүгээр зүйлд: Экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордоос хилийн боомт хүрэх ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын цариг нь импортлогч оронд тавигдсан царигтай тохирч байхаар;
2 дугаар зүйлд: “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэрэгжилтэд хяналт тавих талаар тус тус тусгасан.
Тогтоолын төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, хууль зүйн эерэг үр дагавар үүснэ гэж үзжээ. Тухайлбал, Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын төмөр замын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэрлэлтийн зардал, хугацаа хэмнэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөн нэмэгдсэнээр төсвийн орлого тогтворжиж, эдийн засагт эерэг үр дагавар үзүүлнэ.
Тус төмөр замын бүтцийг дагасан хот, суурин, боловсруулах үйлдвэрүүд бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирснаар төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл саарна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.