Шууд Chart

Сингапурын айлчлалаар эхлүүлсэн хамтын ажиллагаа үр дүнтэй байна

2022-10-26 08:06:38

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоодугаар сард Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийх үеэр нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр Санамж бичгийг үзэглэсэн.

Тухайлбал, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломжийн талаар хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан юм. Мөн Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг тус улсын “Си Пи Жи Интернэшл” ХХК-тай үзэглэсэн.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод цахим шилжилт хийх, автомашиныг бүрэн бүртгэлжүүлэх, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Тео “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтарснаар нийслэлийн түгжрэлийг бууруулах, цахим шилжилт хийх төдийгүй бусад олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа. Тэрбээр мөн Санамж бичгийн хүрээнд эхлүүлсэн хамтын ажиллагаа үр дүнтэй байж, ажил урагштай явж буйг онцолсон юм.

Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.


Сингапурын айлчлалаар эхлүүлсэн хамтын ажиллагаа үр дүнтэй байна  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй