Шууд Chart

С.Хүрэлсүх: ХСҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авахаас гадна засварын ажлыг хийсэн

2022-10-29 10:07:12

Хавдар Судлалын Үндэсний төв нь эмч ажилчдынхаа үндсэн цалинг 43 хүртэл хувиар нэмэгдүүлэхээс гадна 15 хүртэлх сая төгрөгийн урамшууллыг олгоод байна. 

Энэ талаар Хавдар Судлалын Үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх ярихдаа "Хавдар Судлалын Үндэсний төв нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай энэ оны есдүгээр сард шинэчилсэн гэрээг байгуулаад ажиллаж байна. 2022 оны эхний есөн сарын байдлаар 50 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг хийж, 44 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аваад байна. Үүний 60-70 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулсан бол 22,8 хувийг эмч, ажилчдынхаа цалин урамшуулалд зарцуулсан. 

Гүйцэтгэлийн санхүүжилтийн хамгийн том давуу тал нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байгаад оршиж байна. Хорт хавдар өвчнөөр өвдсөн үйлчлүүлэгч манай эмнэлгээр үйлчлүүлэхдээ ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй болсон. Энэ нь иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг бууруулж чадсан. Үүний нэг тод жишээ болох "химийн бай эмчилгээ"-нд орохын тулд үйлчлүүлэгчид жилдээ 900 саяас нэг тэрбум гаруй төгрөгийг өөрсдөөсөө гаргадаг байсан. Тэгвэл өнөөдөр энэ эмчилгээний төлбөрийг 100 хувь Эрүүл мэндийн даатгалаас төлдөг болсон. 
Үүнээс гадна эмнэлгийн үйл ажиллагаа тогтмол үргэлжлэх боломжтой болсон. Өмнө нь Улсын төсвөөс санхүүждэг байх үед заримдаа төсөв тасалдах тохиолдол үүсдэг байсан.

Мөн төвлөрлийг сааруулахад хамгийн том хөшүүрэг болсон. Өмнө нь Хавдар Судлалын Үндэсний төв нь хавдрын бүхий л эмчилгээ, тусламж, үйлчилгээг дангаараа хариуцдаг байсан бол өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Тус нэгдсэн эмнэлгүүдэд хавдрын тасгууд байгуулагдахаас гадна Хөвсгөл, Завхан, Хэнтий, Орхон  Сэлэнгэ зэрэг таван аймагтай гэрээ байгуулж, хавдрын тусламж, үйлчилгээг хөдөө орон нутагт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ жил бид 1,8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авахаас гадна засвар үйлчилгээнд зарцуулсан. 

Мөн эмч ажилчдынхаа үндсэн цалинг 43 хүртэл хувиар нэмэгдүүлэхээс гадна 15 хүртэлх сая төгрөгийн урамшууллыг олгоод байна" гэлээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

С.Хүрэлсүх: ХСҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авахаас гадна засварын ажлыг хийсэн   
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй