Шууд Chart

Төсвийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2022-11-09 20:02:21

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний  өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хөдөлмөрийн тухай хуульд салбарын хэлэлцээрүүдээр цалин, хөлсийг нэмэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заасан байдгийг дурдаад 2023 оны төсөвт төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагчийн цалингийн асуудлыг салбарын хэлэлцээрээр хэлэлцэн зөвшилцсөн, эсэхийг асууж, хариулт авав.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”, 2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг 2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”, 2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “34.7”, 2024 онд “36.3”, 2025 онд “34.5” гэснийг 2023 онд “34.9”, 2024 онд “34.6", 2025 онд “33.6“ гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь  дэмжлээ.

Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2024 онд “22,401.7 тэрбум төгрөг”,  2025 онд “23,128.8 тэрбум төгрөг” гэснийг, 2024 онд “21,426.8 тэрбум төгрөг” 2025 онд “22,583.6 тэрбум төгрөг" гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2024 онд “39.1”, 2025 онд “36.5” гэснийг, 2024 онд “37.4”, 2025 онд “35.6” гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2023 онд “-1,553.4 тэрбум төгрөг” гэснийг “-1,425.7 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “-2.8” гэснийг “-2.6” гэж тус тус өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  


Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 99 хууль, зургаан тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан алслагдсан аймаг орон нутгийн иргэдийн нислэгийн тийзийг хөнгөлөхтэй холбоотой асуудлыг Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд тусгасан эсэхийг лавлахад Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Ш.Раднаасэд гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй уг санал Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй ч, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул тогтоолын төсөлд нэмж тусгасан” гэж хариулав.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйл, хэсгийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалаа. Тодруулбал, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлээс “47.9 дэх хэсэг” гэснийг хасаж, хуулийн төслийн 3 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлнэ. Хайгуулын ажлын технологийн явцад туршилтын журмаар олборлох, ашигт малтмалын дээд хязгаарыг төрлөөс нь хамааруулж журмаар зохицуулна. Энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана.” гэсэн агуулгатай хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь нь дэмжив.

Мөн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжлээ.

Уг санал дэмжигдсэн тул  Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төсөлд “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална” гэсэн 16.7 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн  “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн  9 дэх дэд заалтыг “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нэгдсэн цахим бүртгэл мэдээллийн системийг бий болгох, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх зэрэг бүх шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж, экспортод гаргах, нууцын зэрэглэлд хамаарах худалдах, худалдан авах гэрээг Улсын Их Хуралд танилцуулах;” гэж өөрчлөх мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны багцыг хэсэгчлэн болон бүхэлд нь Монголын хөрөнгиин биржээр арилжаалж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх, хувийн хэвшлийн зонхилох байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц судалгаа хийж, бодлого боловсруулах;” гэсэн 10 дахь дэд заалт нэмэх, улмаар 12 дахь дэд заалтыг “Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аймгийн байнгын оршин суугч иргэдэд орон нутгийн нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт үзүүлэх.” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  


Төсвийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй