
УИХ-ын Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ таван ажлын хэсэг байгуулахаар тогтоолын төсөлд тусгасныг танилцуулав. Үүнд,
1. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар,
2. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир, Н.Наранбаатар, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар,
3. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд мал эмнэлгийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар,
4. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд газар тариалангийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Л.Мөнхбаатар, Д.Өнөрболор, Ц.Туваан, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар,
5. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд хүнсний боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакираар ахлуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Г.Ганболд, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тус тус тогтоолын төсөлд тусгасан байна.
Мөн тогтоолын төсөлд дээрх ажлын хэсгүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус бүрд нь тусгасан бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллуулах боломжтой байх зохицуулалтыг тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Өнөрболор, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Н.Ганибал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд газар тариалангийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахлан ажиллах саналаа илэрхийллээ. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, газар тариалангийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ буйгаа илэрхийллээ.
Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Ажлын хэсэг байгуулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.