Шууд Chart

57 кг-ийн аварга шалгаруулах тэмцээн болно

2022-11-10 08:31:43

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос "MGL-1 Fighting Championship" холимог тулааны 57 кг-ийн аварга шалгаруулах тэмцээн 18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн тулаанд Баянхонгор аймгийн харьяат "Голдан стар" клубийн тамирчин Б.Цэндсүрэн, 112 академийн тамирчин Т.Нямжаргал нар аваргын бүсийн төлөө өрсөлдөх юм.

Б.Цэндсүрэнгийн хувьд найман удаа мэргэжлийн тулаан хийж байснаас долоод нь ялжээ. 2021 оны 57 кг жингийн номер нэг тамирчин тэрбээр энэ удаад хүч, чадвараа үзүүлэх нь.

Түүнтэй өрсөлдөх Т.Нямжаргалын тухайд зургаан удаа тулалдаж байснаас  зургууланд нь ялсан амжилттай тамирчин аж.

Тэмцээн арваннэгдүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулж, нийт есөн тулаан өрнүүлнэ. Үүний долоог нь холимог тулааны, хоёрыг нь өсвөрийн кик боксын дүрмээр явуулах юм.

Тэмцээн зохион байгуулж буй "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо"-г 2009 онд Ж.Нарантунгалаг, Ч.Махбал, Ө.Гантөмөр, Б.Галбаатар, Ч.Наранбаатар нарын санаачилгаар үүсгэн байгуулжээ. Тэд мэргэжлийн тулааныг Монголд хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх мэргэжлийн тамирчин бэлдэх, хүүхэд залууст зөвөөр таниулах, тэмцээн зохион байгуулах зорилготой аж.

Тус холбоо MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP нэртэй аваргын бүсийн төлөөх тулааныг 18 удаа, MGL-1FIGHT NIGHT ранг өсгөх тулааныг таван удаа, нийт 23 тулааныг 13 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байна.

Тэмцээнээ анх мэргэжлийн кик боксын дүрмээр зохион байгуулсан бол 2010 оноос хойш холимог тулааны төрлөөр аваргаа шалгаруулж эхэлжээ.

Энэ хугацаанд холимог тулааны кик боксын аварга Ж.Нарантунгалаг Ази Номхон далай орнуудын "Legend FC" аваргын бүс, "ONE CHAMPIONSHIP" холбооны дэлхийн аваргын бүсийг авч Монгол Улсын Гавьяат тамирчин болсон билээ.

Мөн тус холбооноос зохион байгуулсан тэмцээний аваргууд тив, дэлхийд нэрээ гаргасаар байна. Тухайлбал, АНУ-ын UFC холбоонд 66 кг жингийн аварга Д.Батгэрэл, "One championship" холбоонд 57 кг жингийн аварга О.Пүрэв, 70 кг жингийн аварга Ц.Амарсанаа, 65 кг жингийн аварга З.Шинэчагтага, БНСУ-ын холимог тулааны Road холбоонд 61 кг жингийн аварга МУГТ Б.Дамланпүрэв, 70 кг аварга Х.Амартүвшин, 57 кг жингийн аварга О.Отгонтулга, 77 кг жингийн аварга Б.Батсүмбэрэл зэрэг аваргууд Монгол Улсын нэрийн өмнөөс тулалдсаар байна.

Тулаан болох 57 кг жинд 13 жилийн турш гурван аварга байсан бөгөөд Р.Отгонтулга хоёр, О.Пүрэв, н.Сүхбат тус бүр нэг удаа аваргын бүсийн эзэн болж байлаа.

Тэмцээн энэ сарын 19-нд “Crocus event hall”-д болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

57 кг-ийн аварга шалгаруулах тэмцээн болно   
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй