Ёочинч, виртуозо артист, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Т.Өлзийжаргалын уран бүтээлийн бие даасан "Хос цохиурын дуурьсал" тоглолт болов.
Тэрбээр шигшиж, дээжилсэн цөөн хэдэн зохиол тоглосон. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын ёочинд зориулсан концертыг сонордуулав. Үүнийг өмнө нь ёочинч Б.Алтантуул нэг л удаа тоглосон тул шинэ бүтээл гэж үзэхээр. Монгол хөгжмийн зохиолч, Монгол гоцлол хөгжимчин, Монголын үндэсний урлагийн оркестр, Монгол маэстро хамтран тал нутаг, өглөөний тунгалаг, говийн нар, ер бид эх сайхан нутагтаа эрх дураар амьдран жаргахдаа юу, юуг мэдэрч, Төв Азийн цээжин дэх Монгол хэмээх энэ л орныг онож төрсөндөө баярладаг билээ. Тэр бүхний тухай ёочингийн концерт, виртуоз артист Т.Өлзийжаргалын тоглолт дахин нэг сануулах шиг.
Бас нэгэн онцлох бүтээл байв. Хятадын сонгодог ч гэхээр болсон "Хос эрвээхэй" хөжмийн бүтээлийг ёочинч Т.Өлзийжаргал, ятгачин, гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран гоцолж хөгжимдсөн нь санаа байтугай уулга алдахаар сэтгэл эзэмдэв.
Уг зохиолыг Монгол үндэсний энэхүү хоёр хөгжмөөр гоцолж тоглох хэлбэрийн болгож найруулсан нь ҮУИТ-ын бишгүүр хөгжимчин Г.Шинэбаяр ажээ. Зохицол, нийцэл, өгүүлэмж, дуурьсал ер бусын. Дурлалт хосын хайрын түүхийг хөгжмөөр илэрхийлснийг хэдэн арван жил тасралтгүй хөгжимдөж өнөөдрийн Монголчууд хүссэнээрээ, өөрсдийн давуу талыг тусган найруулж, Монгол болгочихсон мэт алмайруулан тоглож буй тухай өмнөд хөршийнхөнд, улмаар дэлхий дахинд тунхагламаар бахдалтай.
Т.Өлзийжаргалын тоглолт. Мэдрэмж, илэрхийлэл, техник, хурд, хүч онцгой доо. Хөгжим судлаачид энэ уран бүтээлчийг жичид нь судалж буй биз ээ.
Монголын хөгжимчид АГУУ юм. Виртуозо артист Т.Өлзийжаргал, виртуозо артист Ч.Мөнх-Эрдэнэ нар өөр, өөрсдийн эзэмшсэн зэмсгээр хослон гоцолж байхад мөн виртуозо артист, үндэсний их найрлын тэргүүн хөгжимчин Э.Цэндсүрэн хөгжимчдийнхөө магнайд хуучраа татаж, дээхнэ нь өөрийнхөө байранд виртуозо артист Н.Жүрмэддорж эвэр бүрээ тоглож байх уу. Нэрт найрагч П.Бадарч "Миний эх орон есөн эрдэнийн орон" хэмээсэн нь бий. Энэ өдөр "Миний эх орон супер хөгжимчдийн орон" гэмээр байна.
Ёочинч Т.Өлзийжаргалын санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе. Уран бүтээлийнх нь зам дардан байг.
Р.Оюунжаргал
Т.Өлзийжаргалын "Хос цохиурын дуурьсал" тоглолт болов | ||
Үзсэн: 382 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.