
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг явуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, кадастрын бүртгэлтэй холбоотой маргаантай асуудлаас үүдсэн алдаа зөрчлийг арилгах талаар салбарын яамны зүгээс анхаарч, арга хэмжээ авч хэрэгжүүлдэг эсэх, кадастрын бүртгэлийн хариуцлагын асуудлыг төсөлд хэрхэн тусгасаныг лавлаж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс, аймаг, сумдын хилийн цэсийн маргаантай асуудал нь газар зүйн нэршилтэй холбоотой байдаг. Энэхүү маргааныг шийдвэрлэхээр мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж, Улсын Их Хурлын холбогдох тогтоолд тусгаж баталсан цэг, тэмдэглэгээний дагуу үзлэг, шалгалтыг хийдэг. Үүний үр дүнд улсын хэмжээнд нийслэлтэй хил залгаа сумаас өөр бусад сумдад хилийн цэстэй холбоотой эрх зүйн маргаан байхгүй байна гэсэн хариултыг өгсөн.
Өнөөдөр улсын хэмжээнд 300 гаруй кадастрын зураглал хийдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд яамны зүгээс хяналт, шалгалтыг байнга явуулдаг. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг төдийгүй хуулийн төсөлд уг асуудлыг сайжруулах заалтуудыг тусгасан гэсэн тайлбарыг Ажлын хэсгээс өгч байлаа.
Ингээд Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 15 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.