Шууд Chart

“Уул уурхай ба эрүүл мэнд” чуулга уулзалт болов

2014-07-03 16:08:26

Эрүүл мэндийн яамнаас санаачлан “Уул уурхай ба эрүүл мэнд” чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 1-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Чуулганд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Уул уурхайн яамны мэргэжилтэн Т.Зууннаст, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, НЭМҮТ-ийн дэд захирал Д.Отгонжаргал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал А.Нямгэрэл, ДЭМБ, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч болон  албаны бусад хүмүүс оролцлоо. 
 
Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэхдээ "Монгол Улсын хөгжлийн гол тулгуур, эх үүсвэр нь уул уурхай. Тэр дундаа Өмнөговь аймагт уул уурхайн томоохон орд газрууд байдаг. Гэтэл уул уурхайн олборлолтоос үүдсэн эрүүл мэндийн асуудлууд ялангуяа химийн хордлого, амьсгалын замын өвчлөл, БЗДХ өвчний тархалт энэ бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дунд өндөр байна.
 
 
Мөн Өмнөговь аймагт тоосонцрын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 9-40 дахин их байгааг холбогдох байгууллага гаргасан. Түүнчлэн уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдсэн. Иймд уул уурхайн чиглэлээр нутаг дэвсгэрт нь 10-аас дээш аж ахуйн нэгж, компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аймгууд болох Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгуудын нэгдсэн эмнэлгийг түшиглэн оношлогооны төв байгуулах, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын, сум дундын эмнэлгийн 50 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа" гээд гэсэн хэдий ч салбар дундын хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах шаардлага үүсэж буйг салбарын сайд хэлсэн үгэндээ онцлолоо.   
 
“Уул уурхай ба эрүүл мэнд”  чуулга уулзалтад оролцогчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэр захирал А.Нямгэрэл мэдээлэл өглөө. Чуулганаар тунхаг бичгийг хэлэлцэн гаргав. 
 
Уул уурхайн бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулсан, мэдлэг, туршлагаа солилцсон, салбар хоорондын болоод гадаад хамтын ажиллагааг хөгжүүлсэн чухал ач холбогдолтой чуулга уулзалт болж өндөрлөлөө.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Уул уурхай ба эрүүл мэнд” чуулга уулзалт болов  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй